Хотын МАН-ын хороо хөдөлгөөнд орж эхэллээ

Нийслэлийн МАН-ын хороо бужигналдаж байна.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдоод удалгүй Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “үдэлсэн”. Харин хотын дарга Д.Сумъяабазар шинэхэн гүйцэтгэх засаглалын тэргүүнийг босгоо давуулаагүй.

Түүний нохойд барьдаг мод шиг болсон орлогч Ж.Сандагсүрэн л гарч ирж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарыг угтаж байв. Уурссан Ерөнхий сайд “Хотын дарга хаачсан юм. Ерөнхий сайд, Шадар сайд хоёр ирчихээд байхад ийм хариуцлагагүй байж болохгүй” гээд НОК-ын удирдлагыг өөрчлөнө хэмээн шүд зуугаад гарсан.

Шадар сайд С.Амарсайхан ч Засгийн газрын хуралдааны үеэр “Нэгдсэн удирдлагагүй, нэгийгээ үгүйсгэсэн байдлаар ажиллаж байгаагаа зогсоо” гэх байдлаар НОК руу үг чулуудаж байв. Үүнээс улбаалан хотын даргын суудал ганхлаа гэх мессэж хэсэг өндрөө аван хотын мээрийн “дондогмаа” гэгддэг Ж.Сандагсүрэнг чөлөөлж, буцааж дахин томилсон шөргөөцөлдөөний дараа намжсан юм.

УИХ-ын гишүүнээсээ татгалзан байж хотын дарга болж, Нийслэлийн намын хорооны даргаар ажиллан НИТХ-д намаа олонх болгосон Д.Сумъяабазарын хувьд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар хүлээн зөвшөөрөхөд амаргүй байсан биз.

Л.Оюун-Эрдэнийн тухайд Шинэ Засаг, Нийслэлийн намын хороотой юутайгаа сэтгэлд нь багтаж, аархаж явсан нь үнэн.

Тэр хүрээндээ Сонгинохайрхан дүүргийн намын хорооны ажилтнуудаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг дүүргэчихээд байсан Д.Сумъяабазарыг намын дарга У.Хүрэлсүхээр донгодуулаад авсан. УОК-ын шийдвэрийн эсрэг ажиллаж, дүүргүүдийн намын хороог зангидаж чадахгүй байна хэмээн хатуухан зэмлүүлсэн тэрбээр хэд хэдэн сэлгээ хийсэн ч нөхцөл байдлыг улам бүр дордуулчихаад байгаа.

Тиймээс Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлаас Д.Сумъяабазарыг ховхлох ажиллагаа хаврын хавсаргатай зэрэгцэн эхэлж байна. С.Амарсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар гурвуулаа улстөрчийн сүр сүлдгүй, сүү долоосон гөлөг шиг гөлтгөнөсөн нөхөд.

Хоноц, хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй гэгчээр гэдсэндээ хөлөө жийлцэж эхэлсэн тэдний нүүдэл ширүүхэн эхэлж, амралтын өдөр гэлтгүй бужигнаантай байна.

Орчуулах »
error: Content is protected !!