Шадар сайд хадмууддаа халдвар “тараасан” юм биш байгаа

-ЭЦГИЙНХЭЭ ГЭРТ ТУСГААРЛАГДСАН ГЭХ ЭХНЭР НАЛАЙХ ДҮҮРЭГТ ВАКЦИН ХИЙЛГЭЖ ЯВСНЫГ ХЭРХЭН ОЙЛГОХ ВЭ-

…Коронавирусын халдваргүй 10 настай охин ЭХЭМҮТ-ийн тусгаарлах өрөөнд ганцаараа тусгаарлагдаж, ээжийгээ хүлээсээр, уух юм гуйсаар амьсгал хураахад буруутай ТӨР…

…Ганц охиноо эцсийн амьсгал таттал хүлээсэн аав, тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлагдсан бүсгүйн аль аль нь цар тахлын халдваргүй байсан. Харамсалтай нь эцгийгээ сүүлчийн замд нь үдэж өгөх гуйлтыг зөвшөөрөлгүй хатуурхсан ТӨР…

…Хүний нутагт хүнд өвчинтэйгээ тэмцэлдэн байж нутгаа зорин ирсэн бүсгүйд хуруухан чинээ үрийг нь тэврүүлэлгүй уйлуулсаар хорвоогоос буцаасан харгис ТӨР… Эх үр хоёулаа халдваргүй байв…

…Харин коронавирусын халдвараар өнөөдрийг хүртэл нийт 12 хүн нас барлаа. Тэдний 4-ийг нь бусад шалтгаант буюу хавсарсан өвчинтэй байсан гэж байгаа. Дийлэнх нь зүрхний хэм алдагдалтай, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихсэлттэй, чихрийн шинжинтэй, архаг хууч өвчтэй өндөр настнууд байв. Гэвч тэдний хэн нь ч УОК-ийн дарга С.Амарсайханы хадам аав, ээж шиг охиноороо сахиулж, бас хүргүүлж байсангүй…

Энэ бүхэнд олон нийт эсэргүүцэлгүй дуугүй л байв. Өр өвдөж байсан ч цар тахлын хүнд үе шүү дээ гээд хүлцэв…  

Гэтэл энэ бүх дүрэм журам, хатуу хорио нь УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы эхнэрт үйлчилсэнгүй. Тэр гэр бүлээрээ уучлал гуйгаад, ажил албанаасаа огцрох ёстой.

Түүний эхнэр Ч.Ичинхорлоогийн хэлж байгаагаар эцэг, эх нь асаргаанд, аав нь амьсгалын дутагдалд байнга ордог тул гэртээ ч хүчилтөрөгчийн аппараттай, 100 хувь хүний асаргаанд байдаг гэж байгаа. Тэгвэл тэд хаанаас халдвар авав…

Шадар сайд С.Амарсайханы хэлснээр хадам аав, ээжийнх нь халдварын эх уурхай тодорхойгүй бөгөөд дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ халдварт өртсөн байж болзошгүй юм байх. Нэгэнт асаргаанд байдаг аав, ээж нь дэлгүүр ороогүй байж таарна. Тэгвэл хэн эхлээд халдвар авсан юм бэ… Дэлгүүр, худалдааны төв ихэвчлэн ордог эхнэр нь үү, эсвэл Шадар сайд өөрөө юү?!

Өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд УОК-ын дэргэдэх Шуурхай штабын 11 албан хаагчаас коронавирусын халдвар илэрсэн. Өмнөх өдөр нь буюу гуравдугаар сарын 23-нд Шадар сайд С.Амарсайхан Шуурхай штаб дээр ажилласан байдаг. Тиймээс Шадар сайд С.Амарсайханыг хавьтагчаар тусгаарлах уу гэх яриа цахим орчинд эрчээ авсан ч тэгсгээд замхарсныг саная…

Тэгэхээр халдварын эх уурхай нь УОК-ын дэргэдэх Шуурхай штабаас голомтолсон Шадар сайд өөрөө юм биш биз?

Нөгөөтэйгүүр Ч.Ичинхорлоо эцэг, эхээ эмнэлэгт хүргээд гарах биш хоносон гэдгийг ХӨСҮТ-ийн ажилчид хэлж байгаа. Энэ тухайд Шадар сайд С.Амарсайхан “Манай эхнэр ээж аавыгаа эмнэлэгт хүргэж өгөөд буцсан” гэдэг бол ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Хоёр цаг болоод гарсан” хэмээн ам зөрчихөөд байгаа.

ДЭМБ-ын стандартад зааснаар халдвартай иргэнтэй 15 минутаас дээш хугацаагаар хамт байсан бол хавьтагч гэж үздэг. Тэгвэл хавьтагч улаан бүсээс гарч эцэг, эхийндээ очсон болж таарч байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл барим тавим мэлзсээр байгаа тэднийг яг эцэг, эхийндээ очсон эсэхэд хэн итгэх билээ.

Шадар сайд С.Амарсайхан “Манай эхнэр гурван удаа шинжилгээ өгсөн, сөрөг гарсан” гэснээр нь хөөвөл сайдын гэргий 28-нд аав ээжийгээ эмнэлэгт хүргэж, очсон. Энэ хугацаанд буюу дөрөв хоногийн дотор гурван удаа ПСР шинжилгээ өгсөн болж таарна.

Шуурхай гэхэд дэндүү шуурхай юу, үгүй юү……..

Мөн хугацаанд буюу хоёр хоногийн өмнө эхнэр нь Налайх дүүрэгт очиж вакцинаа хийлгэсэн. Вакцины хариу урвал өгсөн талаар ч Шадар сайд С.Амарсайхан тайлбар хийхдээ хэлсэн билээ..

Тэгэхээр халдварын “Улаан бүс”-т нэвтэрсэн эрхэм Ч.Ичинхорлоо гуай гэртээ 14 хоног тусгаарлагдах дүрэм журмыг ч зөрчөөд вакцин хийлгэх нэрээр Налайх дүүрэг рүү халдвар “тараасаар” явсан байх нь.

No description available.

Шадар сайд С.Амарсайхан, эхнэр Ч.Ичинхорлоо нарын хэн хэн нь батлагдсан тохиолдлын хавьтагчид. УОК-ын Шуурхай штабынхнаас халдвар илэрсэн мэдээлэлтэй зэрэгцэн Төрийн ордонд, Нийслэлийн Захирагчийн албанаас ч вирус илэрсэн гэх мэдээлэл газар авч байв. Гэтэл хэдий хүртэл ийнхүү албан тушаалтайгаа зууралдан олны зэвүүцлийг тээн алхах гээ вэ…

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын охины хадмууд гэдгээрээ дархан эрх эдэлдэггүй юм бол албан тушаалаа өгөөд аль нэг эмнэлэгт очин тусгаарлагдах нь зүйн хэрэг биш үү.

Орчуулах »
error: Content is protected !!