АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцин 12-15 насны хүүхдүүдэд 100 хувийн үр дүн үзүүлсэн тухай CNN мэдээллээ.
Эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтад АНУ-д 12-15 насны 2260 хүүхдийг хамруулахад вакцины хоёр тунг хийлгэснээс хойш нэг сарын дараа эсрэг биетүүд хүчтэй хариу урвал үзүүлсэн нь 16-25 настай хүмүүсийнхийг давсан” болохыг “Pfizer” мэдээлсэн байна.
“Pfizer/BioNTech” энэхүү эмнэлзүйн туршилтын үр дүнгийн талаарх мэдээллээ АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт ойрын хугацаанд хүргүүлэхээр төлөвлөж байна.
Өнгөрсөн долоо хоногт “Pfizer/BioNTech” 6 сартайгаас 11 настай хүүхдүүдийг хамруулах эмнэлзүйн туршилтаа эхлүүлж, 5-11 настай хүүхдүүдэд вакцины эхний тунг тарьжээ. Цаашид 2-5 настай, 6 сартайгаас 2 настай хүүхдүүдэд үе шаттайгаар вакцин хийнэ. Энэхүү туршилтад 4464 хүүхдийг хамруулахыг төлөвлөж байгаа бөгөөд үр дүн нь 2021 оны эцсээр гарах төлөвтэй байна.
АНУ-д одоогоор уг вакциныг 16 болон түүнээс дээш насны хүмүүст тарихыг зөвшөөрөөд байгаа билээ.