Ерөнхийлөгчийн сонгууль ойртон У.Хүрэлсүх хотын фракцитай ойлголцсоны баталгаа нь Ж.Эрдэнэбатыг торон хашаанаас төрийн ордонд шилжүүлээд УИХ-ын гишүүний тангараг өргүүлсэн явдал. Өнгөрсөн намаржин яригдсан Шүүхийн тухай хуулийн шинэчлэлээр У.Хүрэлсүх шүүх эрх мэдлийг Х.Баттулгаас авч халаасалсны илрэл ч гэж харагдаж байгаа юм. Гэхдээ намын нөхдөө хориулж, болиулж, шоронг ердийн нэг тоглоомын хэрэгсэл мэт болгож байгаа нь яалт ч үгүй эрх баригчид өөрсдөө билээ.
Хууль ч гууль болсон.
Тухайлбал, Хорих ангид 9 сарыг өнгөрүүлсэн Ж.Эрдэнэбатыг Шүүхээс таслан хорих арга хэмжээг өөрчлөн батлан даалтад гаргаснаас биш гэм буруугүй, эсвэл цагаатгасан гэсэн шийдвэр гаргаагүй. Хэргийн холбогдогч, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаад байсан хүн УИХ-ын гишүүний тангараг өргөөд Төрийн ордонд ороод суучихсан нь энэ улсыг, ард иргэдтэй нь хэтэрхий басамжлан доромжилсон үйлдэл болоод байгаа.
Уг нь Анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэн хамтран оролцсон гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцсон.
Давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 6 жил хорих ял оногдуулсан билээ.
Гэтэл Улсын Дээд шүүх өдөр шөнө дамнан хуралдаж байж хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон Ж.Эрдэнэбатыг нарснаас наранд гаргасан нь энэ.
Ингэх байсан юм бол анхнаасаа юуны учир 9 сар саатуулав. Түүнийг хорьсон нь буруу байсан юм бол тэр яагаад энэ олон сар эрх чөлөөгөө хумиулсанд гомдоллож, гоншигнохгүй байна вэ. Монгол Улсын 39 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний эргэн тойронд ямар улстөр өрнөв.
Ерөнхий сайд байсны хувьд төрийн тусгай хамгаалалтад байх тогтоолтой. Тогтоолыг хүчингүй болгох эрх нь УИХ-д бий. Тэр утгаараа төрийн тусгай хамгаалалтыг баривчлагдахаас 3 цагийн өмнө буулгасан гэх мэдээлэл байдаг. Парламентын олонх нь МАН.
Хэдийгээр Шүүх байгууллага Ерөнхийлөгчийн мэдэлд байж болох ч эрх баригч нь Ж.Эрдэнэбатын намынхан. Түүнийг анх баривчлагдахаас гуравхан цагийн өмнө УИХ-аас төрийн хамгаалалтад байлгах тогтоолыг нь хүчингүй болгож байсан юм бол, яагаад?. Хэнийг аниргүйхэн, амаа хамхиад суухыг сануулсан сануулга байв…
Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын харьцаа сайнгүй байсан нь нууц биш. Ж.Эрдэнэбат Шадар сайдыгаа тагнаж чагнасан дуулиан өнөөгийн намын даргын зүгээс эхлэлтэй байв. Сүүлд Ж.Эрдэнэбат танхимын тэргүүнээс буусны дараа, чуулганы хуралдаан дээр үг хэлэх бүртээ У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцрох, эс бөгөөс Сангийн сайдаар ажиллаж байгаа Ч.Хүрэлбаатарыг өөрчлөх тухай байнга сануулж байлаа.
Улмаар сонгуулийн өмнө Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхгүй, мандат олгохгүй гэх шуум хэсэгтээ хөвөрсөн ч тэр Сэлэнгэ аймагт нэр дэвших эрхээ олж авсан. Нам нь нэр дэвших эрх өгсөн үү, өгсөн. Гэхдээ тэр хоригдсон. Яг л со драм шиг. Түүнийг цагдан хорьсон хугацаанд МАН-аас Сонгуулийн ерөнхий хороонд албан шаардлага хүргүүлсэн “матрын нулимс”-аас өөр журмын нөхрөө хамгаалах, хаацайлах ямар ч үйлдэл гараагүй юм.
Бусад улс төрийн хүчин л “Энэ бол хэлмэгдүүлэлт. Улс төрийн зорилгоор хуулийн байгууллагаас нэр дэвшигчдийг зориуд саатуулан, сонгуулийн үйл ажиллагаанд нь саад учруулж байна” хэмээн мэдэгдэж байснаас МАН-ын хувьд хар цагаан юу ч дуугараагүй.
Ж.Эрдэнэбат төдийгүй С.Баярт холбогдох хэрэг шүүхээр хэлэлцэгдэх үед ч эрх баригчид чимээгүй сууж байлаа.
Ийм байдалтайгаар хоёр ч шатны шүүхээс ялын тогтоол уншуулчихаад байсан Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлсэн нь анхнаасаа бүх үйл явц У.Хүрэлсүхийн нүүдэл, нам доторх фракцууддаа өгч байсан улс төрийн шанаа гэж харагдаж байгаа юм.
Хамгийн анхаарал татахуйц, зогтусам зүйл нь Шүүхийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд Ж.Эрдэнэбат тангараг өргөх боломж бүрдсэн явдал. Үүгээрээ АН-ынхны эсэргүүцэлтэй тулгаран байж, хуулийн байгууллагынхны, тэр дундаа шүүгчдийн үүсгэсэн хонгилыг нураана хэмээн попорч байсан МАН эсрэгээрээ шүүхийг “халаасалчихсан” гэх хардлагыг бий болгоод байгаа юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбоотой хэсэгчлэн хориг тавихдаа “Шүүхийн боловсон хүчний бодлого болон шүүхийн сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд орох, шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бүрэн алдагдуулах гол үндсийг бүрдүүлж байна. Мөн шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл фракцуудад хуваагдах, өрсөлдөх, хуйвалдан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж, шүүхийг өнөөгийн улс төрийн намуудаас өөрцгүй хэмжээнд ортол нь улам дордуулах бодит эрсдэлийг бий болгох бөгөөд үүнийг зөвшөөрч даамжруулбал Улсын дээд шүүхийн шүүгчдээс анхан шатны шүүхийн шүүгчид хүртлээ ашиг сонирхлоор сүлбэлдсэн, талцаж хуваагдсан тодорхой бүлэглэл фракцуудыг хуулиар байгуулж, Ерөнхий шүүгчдийг авч, ноёрхлоо тогтоосон бүлэглэл нь хонгил байгуулах, түүнийгээ удирдах хууль ёсны мэт зүй бус систем тогтоох аюултай” гэж байв.
Харамсалтай нь, энэ аюулын эхлэл Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлснээр тавигдав бололтой. Энэ тохиолдолд эрх баригчдад Төрийн тэргүүний тамгыг атгуулах нь яавч зөв сонголт биш болж таарна.
У.Хүрэлсүх хотын фракцтайгаа ойлголцохдоо ард түмнээс өгч болох шанаадалтыг мартаж…