Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг өчигдөр (2020.11.15) Засгийн газраас гаргасан.
Хугацаа сунаж буй нь хөл хорио эхлэхээс өмнө ажил албаар орон нутагт зорчсон болон Улаанбаатарт гацсан хүмүүст хүндээр тусаж байгаа билээ.
Хэдийгээр эдгээр иргэдийн асуудлыг хэрхэн зохицуулах тухай албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа ч УИХ-ын гишүүн С.Бямбацогт цахим хуудсаараа дамжуулан
“Миний ээжээс авахуулаад Орон нутгаас ирээд УБ-т гацсан гарах хүсэлтэй иргэдийн анхааралд.
Засгийн газар хөл хориог 14 хоногоор сунгах шийдвэр гаргалаа. Орон нутгаас ирээд гацсан иргэдийн тухайд ирэх долоо хоногийн 3 дахь өдөр хүртэл нөхцөл байдлаа харна гэж байна. Нөхцөл байдал гайгүй байвал тусгай нарийн дэглэмийн хүрээнд нэг удаа гаргах ажлыг гурав дахь өдрөөс хойш зохион байгуулахаар болсон. Ойлгож хүлээцтэй байхыг хүсэж байна” хэмээн мэдээлжээ.