Москва хотын Улаан талбайд болох Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 76 жилийн ойн цэргийн парадад 12.5 мянга гаруй албан хаагч оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ.
Тэрбээр “Тавдугаар сарын 9-нд болох цэргийн парадад 12.5 мянга гаруй хүн, 190 гаруй зэвсэг, цэргийн техник хэрэгсэл, 76 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно. Харин механикжсан цуваанд 35 шинэ, орчин үеийн цэргийн техник хэрэгслийг оролцуулна. Парадад зөвхөн вакцинд хамрагдсан, эсрэг биеттэй хүмүүсийг оролцуулна гэсэн шаардлагыг дагаж мөрдөх нь чухал ач холбогдолтой” хэмээн мэдэгджээ.
Аугаа эх орны дайнд ялсны 76 жилийн ойг тохиолдуулсан ёслолын арга хэмжээ 377 хот, суурин газарт зохион байгуулагдах бол Москва хотоос гадна өөр 27 хотод цэргийн парад болно. Эдгээр парадад 47 мянга гаруй цэргийн албан хаагч, 1.6 мянга нэгж техник хэрэгсэл, 200 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг оролцох юм байна.