Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа

2021-03-25
1 min read

Монгол Улсын Засгийн газар 2021 оны 03 дугаар сарын 25 -ны пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгав

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хурлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар танилцуулж, халдварын тархалт нэмэгдэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаатай холбогдон гарч буй нэмэлт зардлын төсвийн төсөл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин нэг сараар сунгах тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлэн батлуулав. Коронавируст халдварын салбар дундын 22 дахь шатны эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 22 -ны өдөр хийсэн бөгөөд эрсдэлийн түвшин “МАШ ӨНДӨР” гэсэн дүгнэлт гарчээ. Иймд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаа 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсныг улсын хэмжээнд 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгаж, Засгийн газрын тогтоол гаргалаа. Мөн Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулж хугацааг нэг сараар сунгав. Ингэснээр 2021 оны 05 дугаар сарын 01 хүртэл хилийн 14 боомтоор ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж, зорчих хөдөлгөөнийг хорьсон хэвээр байна. Зөвхөн УОК-ын зөвшөөрлөөр зорчигчийг хил нэвтрүүлнэ.

Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шаардагдах 5.9 тэрбум төгрөгийн нэмэлт зардлыг батлав

Уг нэмэлт төсвөөс гэрийн хяналт, тандалт хийх үйл ажиллагаанд дайчлагдан оролцож буй 773 резидент эмч, 227 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг 23 хоног дайчлан ажиллуулахад шаардагдах эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун, хоол, бичиг хэрэг, ариутгал халдваргүйтлийн бодисоор хангах зэрэг нийт зардалд 3.9 тэрбум төгрөг, дотоодын хавьтлын улмаас тусгаарлагдсан иргэдийн тусгаарлах байр хоолны зардалд 874 сая төгрөг, нийслэлийн 84 дархлаажуулалтын цэг дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйтгэлийн бодист 50 сая төгрөг, БНХАУ-аас цар тахлын эсрэг вакцин тээвэрлэн авч ирэх тээвэрлэлтийн зардалд 276 сая төгрөг нийт 5.9 тэрбум төгрөгийг зардал шаардлагатай гэв. Үүнээс 3.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс, 2 тэрбум төгрөгийн зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэж, Шадар сайд болон Сангийн сайд нарт зөвшөөрлөө.

Орчуулах »
error: Content is protected !!