Өнөөдөр Архангай аймагт дөрвөн тохиолдол батлагдаж Эрдэнэбулган, Булган, Цэнхэр, Хашаат, Хангай, Тариат сумдад тодорхойгүй хугацаагаар хөл хорионы дэглэм тогтоож, гарах хөдөлгөөн хаалаа. Дээрх сумдад байнгын оршин суугаа хаягтай тохиолдолд нэг удаа орох хөдөлгөөн хийхийг зөвшөөрнө. Батлагдсан дөрвөн тохиолдлын хоёр нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн томилолтын багийн хоёр ажилтан бөгөөд үлдсэн хоёр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтнаас илэрлээ.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгийн байгууллагын нийт албан хаагчдаас 7 хоног бүр вирусийн шинжилгээг нэгдсэн журмаар авдаг бөгөөд өнөөдөр ийнхүү хоёр ажилтнаас илэрлээ. Хоёр ажилтны гэр бүлийн хүн хот хооронд ачаа тээврийн жолооч хийдэг аж. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг тогтоон, тусгаарлах арга хэмжээ аван ажиллаж байна. Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг АОК-оос анхааруулж байна.