Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Хужирт сумдад өнөөдөр /2021.03.23/ өглөөний 06 цагаас эхлэн 7 хоногийн хугацаатайгаар хөдөлгөөний бүрэн хязгаарлалт тогтоолоо.
Учир нь Хужирт суман дахь Сэмжид рашаан сувилалд амарч сувилуулсан иргэдээс коронавирусын халдварын 4 тохиолдол батлагдаж, 20 гаруй сэжигтэй тохиолдол илэрчээ. Тус сувилалд гуравдугаар сарын 1-нээс эхлэн нийт 242 иргэн үйлчлүүлснээс өчигдрийн байдлаар 178 нь нийслэл Улаанбаатар болон 12 аймаг руу буцсан байж.
Энэ олон аймаг сумдын Онцгой комиссоос азаар Увс аймгийн Онцгой комисс хариуцлага, сахилга баттай ажиллаж байсны дүнд сувилалд амраад Увс руу буцаж ирсэн иргэдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийн гэр бүлийн 3 хүнийг сэжигтэй тохиолдлоор бүртгэжээ.
Улмаар Өвөрхангай аймгийн Онцгой комисс болон Хужирт сум руу мэдэгдсэнээр орон нутгууд руу тарсан нийт сувилуулагчдыг шинжилгээнд хамруулах, ойрын хавьтлуудыг олж тогтоон тусгаарлах ажлыг эхлүүллээ.
Ингэснээр Дархан-Уул аймаг руу буцсан 4 иргэний шинжилгээний хариу батлагдаж, Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Хужирт суманд очсон иргэдийн шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гараад байна.
Сэмжид сувилалд одоогоор 64 амрагч, сувилуулагч байгаа бөгөөд сувиллын ажилтан нийлсэн 96 иргэнээс авсан шинжилгээгээс мөн 9-ийнх нь хариу сэжигтэй тохиолдлоор бүртгэгджээ.
Иймд Өвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдан дээрх сумдын бүх шатны сургууль болон худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоон, хөл хөдөлгөөнийг 7 хоногийн хугацаатайгаар бүрэн хязгаарлав.
Учир нь сэжигтэй тохиолдлууд аймгийнхаа Хөдөлмөр халамж үйлчилгээний төв, Орхон супермаркет, Арцат, Хүлэг худалдааны төвүүдээр хэдэнтээ орж гарсан маршруттай байгаа юм байна.
Энэ бүгдийн эцэст ногоон бүс байсан аймаг орон нутгуудад цар тахал олноор бүртгэгдэж эхэлсэн нь иргэдийн шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж өгдөг байсан, хөдөөг нөхөр нь зорих байхад эхнэрээс нь шинжилгээ авч эхнэрийн нь хариуг үндэслэн товчоодоор оруулж гаргаж байсан зэрэг ноцтой зөрчлүүдийн хор уршиг гэж үзэхээс өөр аргагүй.
Халдвартай иргэн орон нутагт очсоныг Улсын болон Нийслэлийн онцгой комиссынхон үргэлжид “хулгайн замаар оргож гарсан” гэх тайлбараар хаацайлж ирсэн бол амралт сувиллын газарт олноор илэрч буй тохиолдлыг ийнхүү зайлуулж бултах боломжгүй билээ.
Тэгэхээр эмчилгээ оношилгоо, тандалт судалгааны зэрэгцээ орон нутаг руу халдвар алдаж буй хариуцлагын асуудлыг Улсын болоод Нийслэлийн онцгой комиссын дарга нараас зайлшгүй нэхэх нь зүй ёсны хэрэг юм.
Тэрчлэн Энхсаран сувиллаас анх халдвар алдсантай адил Сэмжид сувиллын газар хариуцлагагүй, ядаж л үйлчлүүлэгчдээсээ шинжилгээ авдаггүй нь харагдаж байна. Тус сувилалд амраад ирсэн иргэдээс Увс аймгийн Онцгой комисс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч мэдэгдээгүй байсан бол цаашид хичнээн олон иргэн, аймаг сумд руу халдвар алдах байсныг тооцох аргагүй байж.