Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр тохиож байна

2021-03-22
1 min read

Одоогоос 40 жилийн тэртээ буюу 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр монгол хүн сансар огторгуйд ниссэн тухай мэдээ дэлхий даяар цуурайтсан түүхэн өдөр билээ.

БНМАУ-ын иргэн, сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибеков нар энэ өдрийн 14.58 цагт хуучин ОХУ-ын Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас 1981 оны III сарын 22-ны өдөр “Союз-39” хөлгөөр сансар огторгуйд ниссэн юм. Тэд сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, 1981 оны гуравдугаар сарын 30-нд дэлхий дээр амжилттай газардаж байсан билээ.

Дэлхийн улс орнуудаас Монгол Улс сансрын нисгэгчээ эх дэлхийгээс нисгэсэн 10 дахь орон болж, сансар судлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн бөгөөд монголчуудын сэтгэл зүрхэнд үлдсэн хамгийн том түүхэн үйл явдлын нэг юм. Сансрын нисгэгч, Монгол Улсын баатар /ЗХУ-ын баатар/ Ж.Гүррагчаа сансарт ниссэн Монголын анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн гэдгээрээ хүн төрөлхтөний сансар судлалын түүхэнд мөнхрөн үлдсэн билээ.

Орчуулах »
error: Content is protected !!