Их Британийн насанд хүрсэн иргэдийн тал хувь нь “COVID-19”-ийн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн хэмээн тус улсын Засгийн газраас мэдээлжээ.
Тодруулбал, Их Британид 26.9 сая хүн буюу насанд хүрсэн нийт хүн амын 51 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн байна.
Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок “Энэ бол томоохон амжилт. Вакцинжуулалтын хөтөлбөрт оролцсон бүх хүнд, вакцин хийлгэсэн хүн бүхэнд талархал илэрхийлье. Вакцин биднийг цар тахлаас ангижруулна” гэж мэдэгджээ.
Их Британид ирэх сард нийлүүлэх вакцины тоо ихээхэн буурах төлөвтэй байгаа талаар эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм. М.Хэнкокийн мэдээлснээр, улсын хэмжээнд дөрөвдүгээр сард эрсдэл өндөр бүлгийн хүн амд эхний тунг үргэлжлүүлэн хийж, 12 сая хүнд хоёр дахь тунг тарих ажээ.
Их Британид 100 хүн тутамд 44 тун вакцин тарьсан нь 10 саяас дээш хүн амтай орнууд дундаа тэргүүлэх үзүүлэлт болохыг Оксфордын их сургуулийн мэдээлэл харуулж байгаа юм. АНУ-ын хувьд 100 хүнд 35 тунг тарьсан үзүүлэлтээр хоёрдугаарт бичигдэж байна.