Япон Улсын Засгийн газар 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс зарлаад байсан “Онц байдал”-ыг 3 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон цуцлах шийдвэрийг гаргасан байна.
Гэвч, тус улсад гаднаас зөөвөрлөгдөн ирж буй халдварын тохиолдол буурахгүй байгааг харгалзан хил нэвтрэх зорчигчийн хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлэхээ мэдэгдээд байна. Үүнд:
1. Япон Улсын виз шинээр мэдүүлж авсан гадаад бүх улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй. 2020 оны 10 дугаар сараас эхлэн Япон Улсын виз мэдүүлэн авсан Монгол Улсын иргэдэд энэхүү хязгаарлалт мөн адил хамаарна.
2. Гадаад улсад богино хугацаагаар зорчиж, эх орондоо ирж буй Япон Улсын иргэн, мөн тус улсад урт хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэнийг хилээр нэвтэрснээс хойш 14 хоногийн хугацаанд гэрт нь болон зочид буудалд тусгаарлана.