АНУ-ын засаг захиргаа “COVID-19”-ийн 100 сая тун вакциныг 100 хоногт хийх зорилтдоо баасан гарагт хүрэх төлөвтэй байна гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр мэдэгдлээ.
Тэрбээр “Манай засаг захиргаа бүрэн эрхийнхээ хугацааг эхэлснээс хойших эхний 58 хоногт буюу урьдчилан төлөвлөснөөс олон долоо хоногийн өмнө 100 сая тун вакцин тарих амлалтаа биелүүлэх төлөвтэй байна” гэжээ.
Тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, Хүнс, эмийн хяналтын газар “COVID-19”-ийн эхний вакцинд 2020 оны 12 дугаар сард зөвшөөрөл олгосноос хойш 115 сая тун вакциныг тариал байгаа аж. Түүнээс 16.5 сая орчим тунг нь Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргааны үед тарьсан гэжээ.
Мөн Ж.Байдены мэдээлснээр, АНУ-д 65 болон түүнээс дээш насны иргэдийн 65 хувь нь “COVID-19”-ийн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн бол 36 хувийг нь бүрэн вакцинжуулжээ.