Малын тэжээл олгох ажил амжилттай хэрэгжиж байна

2021-03-19
1 min read

Монгол Улсын Засгийн газраас зудын эрсдэлийг үнэлэх шуурхай бүлгийн дүгнэлтийг үндэслэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудын бүх сум болон отроор явж буй 45 мянга гаруй малчин өрхөд тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд  Засгийн газрын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн хуралдаанаар 213 дугаар тогтоолыг баталж, өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхөд 300,000 төгрөгийн үнэ бүхий  хүчит тэжээлийн дэмжлэг  олгох ажил  амжилттай хэрэгжиж байна.

Энэхүү тусламжийг Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн 5 сая ам.долларын эх үүсвэрээр зохион байгуулж байна.  

Тусламжийн үйл ажиллагаанд Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудын бүх сум, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сум болон отроор явж байгаа нийт 45 мянга гаруй малчин өрх хамрагдсан бөгөөд хүчит тэжээл хүргэх ажлын гүйцэтгэл 85 хувьтай  байна.

No description available.

Тодруулбал 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тэжээл  тээвэрлэлт Говь-Алтай, Өмнөговь аймагт 100 хувь, Дундговь аймагт 96 хувь, Баянхонгор аймагт 86 хувь, Өвөрхангай аймагт 80 хувь, нийт тэжээл хүргэлт 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Тэжээлийн үйлдвэрүүд 03 дугаар сарын 20-ны өдөрт багтаан  үлдэгдэл  тэжээлийг үйлдвэрлэж  бэлэн болгох төлөвлөгөөтэй  ажиллаж байна.  

Хүчит тэжээлийг үйлдвэрээс аймгийн төв хүртэл тээвэрлэх ажлыг УОК-оос 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”,  Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн Болзошгүй онцгой нөхцөл байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх заавар болон бусад мэргэжлийн байгууллагын түр журам, зааварт үндэслэн зохион байгуулж байгаа билээ.

Малчин өрхүүдэд тэжээлийн тусламжийг хүргүүлэх, хуваарилалтын ажилд  хяналт тавих зорилгоор  мэдээллийн системийг хөгжүүлэн Android, IOS–д болон веб-д суурилсан программ хангамж бүхий “Тэжээл” аппликэйшнийг ашиглаж байна. Энэхүү апплэйкшнийг ашиглан үйлдвэрээс тэжээл ачигдаж аймгийн онцгой комисст, аймгийн онцгой комиссоос сумын онцгой комисст, сумын онцгой комиссоос малчинд хүргэсэн  тухай бүртгэлийг тухай бүр бүртгэн баталгаажуулах  ажил хийгдэж байна.

           Дашрамд  дурдахад Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дээр хэрэгжиж буй  “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг  14 аймгийн 150 сум болон нийслэлд  2020-2025 оны хугацаанд  хэрэгжүүлэх юм. Төслийн зорилго нь Мал сүргийн эрүүл мэнд, бүтээмж, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд оршиж байна.

Орчуулах »
error: Content is protected !!