Үргэлжид улаан зангиатай явдаг Спикер хаврын чуулганы нээлтэд улбар шар өнгөөр чамирхсан нь анхаарал татав. Тэр Улсын онцгой комиссын дарга биш тул Улаанбаатар хот дахь халдварын нөхцөл байдал хүндэрч, улбар шар өнгө рүү зэрэглэл ахисантай холбоотой сонголт лав биш.
Дээр нь өчигдөр төв талбайд 7 их буу чирч ирээд долоо буудсантай адил зангиагаа 7 удаа засаад авсныг тоолчихсон нөхөд ч байна.
Сүүлийн үед Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд холбогдох фактууд сөхөгдөөд, тэнд эндэх но нь цохон дурьдагдаад эхэлснийг хэлэх үү. Б.Лхагвасүрэн чирэгдэж мэдэхээр ноцтой баримтууд дэлгэгдэж байгаа нь Г.Занданшатарын хувьд анзааралгүй орхих тохиолдлын хэрэг биш л дээ.
Банкны салбарт насаараа шахам ажилласан туршлагатай нөхрийг Монголбанкны ерөнхийлөгчөөр мерит зарчмаар томилсон гэдэг ч үнэндээ мань спикерийн тавиул гэдгийг бүгд мэднэ. У.Хүрэлсүх намын удирдлагыг гартаа авч, өөрт нь дэм болсон фракциудад албан тушаал хуваарилах үеэр Зандкад оноогдсон бялуу гэж болно.
Тиймдээ ч тэрбээр Б.Лхагвасүрэнгээс болж Ерөнхий сайдын суудлыг Л.Оюун-Эрдэнэд алдсан нь үнэн.
Оны өмнөхөн “шилэн” Цогоо Монголбанкны удирдлага 300 сая төгрөгийн өртөг бүхий фитнесийн тоног төхөөрөмж авах тендэр зарласныг ил болгосон нь Г.Занданшатарын хоолойд тулгасан “хутга” байсан хэрэг.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргахад хамгийн өндөр магадлалтай орны нь хүнээр Г.Занданшатар яригдаж байв. Ямартаа намын нөхдийн нь итгэл үнэмшил чинээндээ тулчихаад УИХ-ын даргын төлөөх марафонд нэг хэсэг санаархаж байхав дээ.
Гэвч хөөрхий спикерийн горьдлого талаар болж, Л.Оюун-Эрдэнийн “арын фронт”-ынхны атган дахь фактад унаад Б.Лхагвасүрэнгээ хал балгүйхэн авч үлдсэн нь зол болов.
Тэр байтугай Л.Оюун-Эрдэнийн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд” нэрт мянгуужингийн хөтөлбөрийг Монголбанк чимээгүйхэн дэмжсэн царайлж, ажил хэрэг болгоход нь арчаагаа алдан оролцож суухдаа хүрсэн.
Ингэтлээ сул доройгоо харуулж сөхөрчихөөд байхад Б.Лхагвасүрэнгийн хариуцлагын асуудал дахин хурцдаж, шинэ баримт дэлгэгдлээ /баримтыг бид дараагийн дугаараар тодорхой хүргэнэ/.
Өнөөдрийг хүртэл төвийг сахин чимээгүй сууж, У.Хүрэлсүх рүү хумсаа нуусан муур мэт наалдан учраа олчихдог, нутаг нугынх гээд Ерөнхийлөгч Х.Баттулгатай сүжрэн өөх үмхчихээд явж ирсэн түүний карьерт цэг тавьж мэдэх цаг хугацааны хонх ийнхүү жингэнэж эхлэв.
“Хүүк”, “Женко” хоёроор ч хязгаарлагдахгүй бас бус нөхдөөс юм юмны дэмжлэг авчихдаг сонирхолтой фигур энэ эр МАН-ын генсэкээр ажиллаж байсан туршлагатай ч дуулиан тарьсан улс төр хийж гавилгүй өөрийн рамандаа л жаажигнаж ирсэн.
Хальтхандаа улс төрийн утсан хүүхэлдэй шиг харагдавч хачир дээрээ даацтай, эвлэгхэн тоглолтууд бас хийчихнэ ээ.
Харин сүүлийн үест Л.Оюун-Эрдэнэтэй л учраа олохдоо тааруу байгаа. Арга ч үгүй биз. Хоноц хоноцдоо дургүй гэгчээр хоёулаа тэлээ хурга мэт У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёроос “угжаатай” ирсэн нөхөд.
Тэдний энэ толхилцоо МАН-ын намжсан гал дээр тос нэмж, тогоотой зутангаа хөмөрч мэдэхээр байна.