Төв штабын ажиллах журам шинэчлэгдэж, бодлого чиглэлээ тодорхойллоо

2021-03-16
1 min read

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнгөрсөн онд “ковид-19” цар тахлын хямралаас урьдчилан сэргийлэх, хүндрэлийг даван туулах бодлого хэрэгжүүлэх зорилгоор Төв штаб байгуулан ажилласан. Тэгвэл тус штабын өнгөрсөн оны ажлыг дүгнэж, энэ онд ажиллах бодлого чиглэлийг тодорхойлсон байна. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан штабын ажиллах журмыг шинэчилж, чиглэл хариуцсан дэд штабын бүрэлдэхүүнд танилцуулав. 

     2021 онд Төв штаб цар тахлын хямралын үед улс орны эдийн засгийн чадавхыг сэргээх, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн жигд байлгахад чиглэж, энэ хүрээнд чиглэл хариуцсан дөрвөн дэд штаб ажиллах юм. Өнгөрсөн долоо хоногт Төв штаб анхны хурлаа хийж, дэд штабуудад шинэчлэгдсэн журам, удирдамжаа танилцуулахын зэрэгцээ том төслүүдийн явцыг мэдээлж, хэлэлцсэн байна.  

     2020 онд Эрдэнэт үйлдвэр, үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ амжилттай биелүүлсэн нь Төв штабын зохион байгуулалтаар ажилласантай шууд холбоотой. Энэ жил штабын үйл ажиллагаа улс орны эдийн засгийн хүндрэлтэй үед Эрдэнэт үйлдвэр хэрхэн ажиллах, улс, орон нутгийн өмнө хүлээж буй үүргээ хэрхэн биелүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд ямар бодлого хэрэгжүүлэх зэрэгт чиглэнэ. Түүнчлэн стратегийн том төслүүдийн үйл явц, ахиц дэвшлийн талаар 14 хоног тутам мэдээлэл хийж үр дүнг хэлэлцэж байхыг Төв штабын дарга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үүрэг болгосон гэж төв штабын нарийн бичгийн дарга О.Отгонбаяр онцлов.  

     Төв штабын зохион байгуулалтанд орж ажиллах нь санхүүгийн хүндрэлтэй үед үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг, хөгжлийн үндсэн чиглэлийн бодлого хөтөлбөртэй зэрэгцүүлэн авч явах сайн менежментийн бодлого болсноороо үр дүнгээ өгч байна.      

Орчуулах »
error: Content is protected !!