АН-ын ҮБХ-ны хурал танхимын болон цахим гэсэн хосолсон хувилбараар энэ сарын 11-нд боллоо. Намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо шинэ он гарсаар ээлжит бусаар хэдэнтээ хуралдсан юм. Хоёр талцсан маргааныг эцэс болгон намын нийт гишүүдээсээ даргаа сонгох нь зөв шийдэл гэдгийг Үндэсний бодлогын хорооны гишүүд санал нэгтэй дэмжиж байгаа юм. Ингэснээр АН-ын Дотоод сонгуулийн хороо \ДоСХ \-ноос намын даргын сунгааг зарлан зохион байгуулж байна.
Намын даргын сунгаанд 19 гишүүн оролцохоо илэрхийлснээс Дотоод сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцэж, 4 нэр дэвшигчийг зарлан, нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа. Ардчилсан намын даргын сонгуульд Даваахүүгийн Пүрэвдаваа, Одонгийн Цогтгэрэл, Отгондаваагийн Амартүвшин, Сүхбаатарын Эрдэнэболд нар намын даргад өрсөлдөхөө илэрхийлэн материалаа өгсөн 19 гишүүнээс тунаж үлдэн, нэр дэвшигчийн үнэмлэхээ ийнхүү гардан авлаа.