УОК-ын өнөөдрийн хуралдаанаар ирэх долоо хоногийн даваа гараг буюу 2021 оны 03-р сарын 15-ны өдрөөс эхлүүлэн 14 хоногийн турш дараах байдлаар хязгаарлалтыг тогтоох шийдвэрийг гаргажээ. Спортын клуб, бэлтгэлийн заал, саун, бассейн, кино үзвэр зэрэг салбарт багтаамжийнхаа 30 хүртэлх хувиар үйлчлүүлэгч авч, үйл ажиллагаагаа явуулж болно. Харин караокены үйл ажиллагааг тус хугацаанд зогсоохоор шийдвэрлэв. 14 хоногийн хугацаанд дархлаажуулах ажлыг үр дүнд хүргэхээр зорьж байна. Одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын 10 хүн тутмын нэг нь вакцины эхний тунг тариулсан тул дараагийн тунг тариулах хүртэл халдвар авах эрсдэл байгааг тооцож ийнхүү хязгаарлалтууд тогтоож байна. Өдөр бүр 16-аас 20 мянган иргэдийг вакцинжуулалтад хамруулснаар Улаанбаатар хотын насанд хүрсэн 1 сая иргэнийг энэ оны 5-р сар гэхэд вакцинжуулалтад бүрэн хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Ирэх 7 хоногт 50-аас дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулалтад хамруулна. Үүний дараа 18-25 насныхан, мөн 26-49 насныхан ирэх сард буюу 4-р сардаа багтаж хамрагдах болно. ААН-үүдийн үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 22:00 цаг хүртэл тогтоож, халдвар тархалтыг хумих зорилготой ажиллаж байна. Улаанбаатар хотоос орж, гарах хөдөлгөөн 03-р сарын 15-наас дээрх хугацаанд хязгаарлагдана. Зөвхөн эмнэлгийн үйлчилгээ, хүндэтгэх шалтгаантай иргэд ПСР шинжилгээтэй хувийн унаагаараа ирж, очно / тус хугацаанд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг хязгаарлана/.