УОК-ын даргын зөвлөл хуралдаж, хурлаас гарсан шийдвэр, цаг үеийн нөхцөл байдлын талаар УОК-ын дарга Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хэвлэл мэдээллийн ажилтнуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, КОВИД19 цар тахлын халдвар дотоодод илэрсэнтэй холбогдуулан УОК-ын зарим гишүүд, өдөр бүр 12:00, 19:00 цагуудад мэдээлэл солилцож шуурхай хуралдаж байна.
ХӨСҮТ-д хийсэн PCR шинжилгээгээр 10 хүн дотооддоо КОВИД19 цар тахлын халдвар авсан нь тогтоогдсон. Үүний нэг нь бага насны хүүхэд байна. Тухайн 4 настай хүүхэд нэг өдөр цэцэрлэгт хамрагдсан бөгөөд ангийнх нь 23 гэр бүлийн 27 хүүхдийг гэр бүлийн гишүүдийн хамт өнөөдөр Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт тусгаарлалтад авчээ. Эдгээр иргэдээс түргэвчилсэн шинжилгээнүүд авч байна.
Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хязгаарлалт тогтоож, тухайн аймагт халдвар авсан нь тогтоогдсон иргэний ойрын болон дам хавьтлын хүмүүсийг тандалтаар тогтоож тусгаарлан шинжилгээнүүдийг авч байна. УОК-иос болон ЭМЯ-аас тус тусын чиглэлээр ажил үүрэг гүйцэтгэх ажлын хэсгүүдийг УОК-иос томилон ажилуулж байна.
Хот хооронд болон, Улаанбаатар хотод зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоож хатуу хяналт тавьж байгаатай холбоотой иргэдийн хүнсний хангамж тасалдахаас урьдчилан сэргийлж холбогдох арга хэмжээг авч байна. Энэ нь махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж 2200 гаруй амьд мал, 407 тн бэлтгэсэн махыг хүнсний зах, худалдааны төвүүдэд нийлүүлжээ. Иргэд ердийн үеэс хоёр дахин их хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүн, мах худалдан авчээ.
Эмзэг бүлгийн иргэд, айл өрхийн тоо, судалгааг гаргаж тэдгээрийг хэрэгцээт бараа, хүнсээр хангах, 242 мянган хүнд сар бүр олгодог хүнсний талоны 36 мянган төгрөгийг данс руу нь шилжүүлэв. Ойрын өдрүүдэд хүүхдийн 100.000 төгрөгийг данс руу нь шилжүүлэхээр төлөвлөжээ. Дотуур байрны оюутан сурагчдыг хүнсний багцаар хангах ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хийж байна. Нийтийн тээврийн ариутгал халдваргүйтлийг сайжруулж, маршрут бүрт явах автобусны тоог нэмэгдүүлж, рейс хоорондын зайг богиносгон, тээвэрлэх зорчигчдын тоог хүн хоорондын зай барих шаардлагын дагуу цөөн тоогоор тээвэрлэхээр зохицуулна. Дотоодод халдвар авсан иргэдийн 3000 гаруй хавьтагчдыг нэгбүрчлэн тогтоосон бөгөөд амралтын хоёр өдөр эмнэлгийн 11 цэгт урьдчилсан хоёр удаагийн оношлуурт хамруулж даваа гаригт нэгдсэн дүнг олон нийтэд танилцуулна. Халдварын голомтод үүрэг хүлээн ажиллаж байгаа алба хаагчдыг урамшуулах талаар судалж, Засгийн газрын хуралд танилцуулахаар бэлтгэснийг Шадар сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж:https://zasag.mn/