Иргэд коронавирусний халдварын эсрэг вакцин хийлгэхээс өмнө болон хийлгэсний дараа юуг анхаарах шаардлагатай талаар ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр хэлэхдээ, “Вакцин хийлгэхээс өмнө сүүлийн нэг сард ямар нэг вакцин хийлгээгүй байх, архи согтууруулах ундааг өмнөх өдөр нь хэрэглээгүй байх, тухайн вакцины талаар мэдээлэл авсан байх, эмчийн үзлэгт орохдоо харшилтай эсэх, ямар өвчин зовуурь байдаг талаар эмчдээ өөрийгөө сайн илэрхийлэх, дулаан хувцаслах, заавал вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх, халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах юм.
Харин вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг хөндөхгүй, хоёр хоног ус хүргэхгүй, дулаан хувцаслах, даарахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй, гараа ариутган, амны хаалт зүүнэ. Хэрэв халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт залгаж зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн вакцин хийлгэсэн хэсэгт боолт хийх, эм, тос тавих, хөхний сүү, гялгар уут зэрэг зүйлээр жин тавьж болохгүй бөгөөд 2 дахь тунгаа товлолт хугацаанд хийлгэх нь хамгийн чухал гэдгийг хэллээ.