Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 668 зөрчил илэрчээ

2021-03-11
1 min read

Монгол Улсын Засгийн газрын 45 дугаар тогтоол, УОК-ын даргын баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын нийтийн үйлчилгээтэй 2300 орчим аж ахуйн нэгж, иргэнд давхардсан тоогоор 8262 удаа хяналт тавьж, зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилласан байна.  

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын мөрдөлтийн байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагын 401 улсын /ахлах/ байцаагч нар 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хугацаанд 366 ресторан, 69 кафе, 143 баар, 446 караоке баар, 112 цайны газар, 16 түргэн хоол, 20 кофе шоп, 2 буфет, 1 хүргэлтийн хоол зэрэг нийт 1175 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд өдөр болон шөнийн цагаар хяналт шалгалтыг хийж, 668 зөрчил илрүүлэн 343 буюу 51.3 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн.

Тухайлбал, шалгалтаар QR код байршуулаагүй, ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмждэггүй, тусгай өрөө “VIP”, караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлээгүй, микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэх, халдваргүйжүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээ авч, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

        НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Орчуулах »
error: Content is protected !!