Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.10/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт нийт 11170 хүнд шинжилгээ хийснээс 109 хүний сорьцоос коронавирусний халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 96 нь Улаанбаатар хотод, 7 нь Төв аймагт, 2 нь Завхан аймагт тус тус бүртгэгджээ. Ингэснээр Улаанбаатар хотод 2608 тохиолдол бүртгэгдсэн байна.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэлэхдээ, “Ойрын үед халдварын тоо болон эрүүл мэндийн ажилтнуудын дунд халдвар нэмэгдэж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа маш хүнд хүний тоо нэмэгдэж байна. Тиймээс голомт гэдэг үгэнд битгий анхаарал хандуулаач. Халдварын тархалт бага байх үед голомт гэж яригдана. Одоо бол халдвар авах эрсдэл хаа сайгүй байна. Улаанбаатар хотыг бүхэлд нь нэг голомт гэж үзэж байна. Агаар дуслын замаар халдвар авах эрсдэлээс сэргийлдэг нэг гол арга бол агаар сэлтгэлт юм. Ойрын өдрүүдэд агаар сэлтгэлтийг маш сайн хийх хэрэгтэй байна. Эцэст нь хавьтал болсон хүмүүс ажлын байр, авто машиндаа өөрийгөө тусгаарлах тохиолдол гарч байна. Ингэх шаардлагагүй, мэргэжлийн хүмүүс очиж шинжилгээ авах хүртэл хоёр давхар маск зүүгээд гэртээ өөрөө өөрийгөө гэрийнхнээсээ тусгаарлаад байж байх шаардлагатай” гэлээ.