Олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээний газруудад халдвар илэрч байгаатай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Улсын драмын эрдмийн театрт тоглож байсан “Анна Каренина” жүжигт оролцсон багаас өнөөдөр нийт 54 тохиолдол бүртгэгдлээ. Найр, цайллага, үзвэр үйлчилгээ зэрэгт очихдоо манай иргэд сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй байна. Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод коронавирусний халдварын тоо 40, 50, 60, 70 гэх мэтээр илэрч байна. Оршуулгын ёслолд оролцсон 37 хүнээс өмнө нь халдвар илэрсэн гэх мэтээр олон нийт цугласан арга хэмжээнд очсон иргэдээс халдвар илрэх тохиолдол гарч байна.
Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөрт зориулсан тоглолт, олон нийтийн арга хэмжээ цөөнгүй болно. Тоглолт хийх гэж байгаа хүмүүст маань нөхцөл байдал сайнгүй байгааг ойлгож байна. Гэхдээ сүүлийн үеийн халдварын тархалтын нөхцөл байдал сайнгүй байгаа учир урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээг түр зогсоох саналыг Нийслэлийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүлж байна. Маргааш өглөө 09:00 цагаас Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдах зар ирж байна. Иймд иргэд, олон нийт та бүхэн дээрх тоглолтыг үзсэн бол гэртээ байж, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандаарай гэж зөвлөмөөр байна. Хүн бүр дор бүрээ сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг хүсэж байна гэлээ.
Мөн нийслэлийн иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг уриалаад, “Улаанбаатарт хатуу хөл хорио тогтоохгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.