Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.03.05/ 15 цаг 07 минутад 57,9 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов.
Хуралдааны эхэнд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам” батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ба үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхий сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавих шаардлагыг хамгийн сайн хангасан иргэнийг сонгон шалгаруулах, томилуулах тухай уг журам боловсруулагдсан хэмээн Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдааны эхэнд танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Н.Алтанхуяг, Д.Ганбат нар тус журамд заасан зарим зүйл, заалт нь Шүүхийн тухай хуультай зөрчилдөж байгаа эсэх тухай тодруулга авч, зарим заалтуудыг нэгтгэх, найруулгын чанартай өөрчлөлт оруулах тухай санал хэлсэн.
Байнгын хорооны дарга гишүүдээс гарсан санал, зарчмын зөрүүтэй томьёоллыг судлах, журамд тусгах эсэх тухай үүргийг Ажлын хэсэгт өгч, хэлэлцсэний дараа “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувийн дэмжлэгтэйгээр батлагдлаа.
Үргэлжүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай асуудал хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, санал хэлэх гишүүн байгаагүй ба Байнгын хорооны тогтоолын төсөл 72,7 хувийн саналаар батлагдав.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын дөрвөн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Атарцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр, Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбат нар ажиллахаар тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.