Европ даяар коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор зул сарын баярын аяллаа төлөвлөхөд эрт байгааг тус тивийн олон орон ард иргэддээ анхааруулжээ.
Шведэд зул сарын баярын үеэр зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоож магадгүй тул бэлтгэлтэй байхыг иргэддээ уриалжээ. Харин Ирланд, Францын эрх баригчдын хувьд аяллын төлөвлөгөө гаргах боломжтой эсэхийг тун удахгүй зарлана гэж мэдэгдсэн байна.
Зул сарын баярын улирал эхлэхэд зургаан долоо хоногийн хугацаа үлдээд буй энэ үед Европын хэд хэдэн оронд хөл хорио тогтоож, хязгаарлалтын хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байгаа юм.
Португалд шөнийн цагаар хөл хорих газруудыг өргөтгөх шийдвэр гарсан бөгөөд даваа гаргаас тус улсын хүн амын дөрөвний гурав нь хатуу хязгаарлалтуудыг мөрдөх шаардлагатай болно.
Шведийн халдварт өвчин судлаач Андерс Тегнеллийн хэлснээр, эмнэлгийн ачаалал хэтрэхээс сэргийлэхийн тулд зул сарын баярын үеэр зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоож магадгүй байгаа ажээ.
Мөн Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар хилийн чанадад байгаа иргэддээ нутаг буцах тийз одоогоор захиалахгүй байхыг зөвлөөд, энэ талаарх мэдэгдлийг тун удахгүй гаргана гэж мэдэгдсэн байна.
Францын Ерөнхий сайд Жан Кастексийн хувьд дээрхтэй төстэй мэдэгдлийг хийгээд, зул сарын баярын үеэр иргэд галт тэрэгний тасалбар худалдан авах боломжтой эсэхийг хэлэхэд эрт байна гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Монцамэ