Цар тахлын улмаас хойшлогдсон Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг 2022 оны есдүгээр сар хүртэл дахин нэг жилээр хойшлуулж магадгүй байна.
Энэ нь БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн сонгуулийн тогтолцоог эрс шинэчлэх Бээжингийн төлөвлөгөөтэй холбоотой гэж “South China Morning Post” сонин мэдээлжээ.
Тус сонинд мэдээлж буйгаар, Хууль тогтоох зөвлөлийн гишүүдийн тоог одоогийн 70-аас 90 болгож нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа аж. Үүний зэрэгцээ Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг сонгодог сонгогчдын коллегийн 1200 гишүүнийг 1500 болгож өргөжүүлж магадгүй байна.
Сонины эх сурвалжуудын мэдэгдсэнээр, энд мөн нэмсэн гишүүдийг сонгогчдын коллегийн хурлаас шууд сонгодог байх тухай яригдаж байгаа аж. Хууль тогтоох зөвлөлийг 12 дугаар сараас өмнө хуралдуулах ёстой бөгөөд бүх өөрчлөлтийг хийхийн тулд Хонконгийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай учир сонгуулийг хойшлуулах нь гарцаагүй юм гэж “South China Morning Post” сонинд бичжээ.
Хонконгийн парламентын сонгуулийг өнгөрсөн оны есдүгээр сард явуулахаар товлоод байсан боловч эрх баригчид коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан юм.
Сонгогчдын коллегийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухайд дүүргүүдийн депутатуудын зөвлөлийн хяналтад байдаг 117 суудлыг энэ байгууллагаас хасахаар төлөвлөж байна. Эдгээр суудлыг одоо гол төлөв сөрөг хүчний идэвхтнүүд эзэлж байгаа бөгөөд тэд 2019 оны 11 дүгээр сард, Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын дараа дүүргийн зөвлөлийн сонгуульд итгэл төгс ялсан хүмүүс ажээ.
Сонгуулийн шинэчлэл нь “Хонконгийн эх оронч засаглал” -ын зарчмыг хангахад чиглэгдсэн гэж 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ, парламент) 4-р чуулганы албан ёсны төлөөлөгч Жан Есүй пүрэв гаргийн орой мэдэгджээ. Тэрбээр энэ асуудал Бээжин хотноо өнөөдөр эхэлсэн Хятадын хууль тогтоох дээд байгууллагын хурлаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад орсон болохыг нотолсон байна.
Эх сурвалж: Монцамэ