Ковид-19 халдварт цар тахлын нөхцөл байдлын улмаас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг импортын барааны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас; Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний будаа, ургамлын тосыг нэмэгдсэн өртгийн татвараас 2020 оны 12 дугаар сарын 04-нөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Дотоодын зах зээлд нийлүүлэлтийг тогтворжуулах, үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор давхардсан тоогоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос импортлогч 68 аж ахуйн нэгжтэй бодлогын гэрээ байгуулан ажиллаж байна.
2020 онд импортын гол нэрийн хүнсийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр тухайлбал, цагаан будааны импорт өмнөх онтой харьцуулбал 11.2 мянган тонн, ургамлын тос 4.3 мянган тонноор тус тус өссөн. 2021 оны эхний хоёр сарын байдлаар эдгээр бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс дунджаар 2.8 дахин илүү байна.
Энэ зохицуулалтын үр дүнд импортын гол нэрийн хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээс гадна КОВИД-19 цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж, нөөцийн тогтвортой байдлыг хангах замаар үнийн хэт өсөлтөөс хамгаалах нөхцөлийг бүрдүүлж байна.
Дэлхийн зах зээл дээр хүнсний үнэ, ялангуяа ургамлын тосны үнийн өсөлт тасралтгүй үргэлжилж, үүнд КОВИД-19 цар тахлын улмаас олон улсын ачаа тээвэрт саад үүсэж байгаа нь дотоодын ургамлын тосны үнийн өсөлтөд шууд нөлөөлж байна. Харин цагаан будааны үнийн түвшин өмнөх оны мөн үеийнхээс доогуур байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам