МАН-ын 100 жилийн ой өнөөдөр тохиож цахим орчин хөл хөдөлгөөнтэй байна. Намын лидерүүд нааш харж тэврэлдэн цааш харж зодолдсон өдөр хоногуудын дунд энэ намын түүхт ой тохиож байгаа билээ.
Ялангуяа намын генсэк Д.Амарбаясгаланг даргынхаа эсрэг ажилласаар ирсэн төдийгүй удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ч намын даргаа дэвшүүлэн зайлуулах, боломж нь таарвал сонгуульд “ялагдсан” шалтгаар улстөрийн карьерт нь нэгмөр цэг тавихаар ажиллана хэмээн тус намын амтай бүхэн ярьдаг болоод байгаа.
Тэрбайтугай намын гишүүд ч улаам цайм хоёр хуваагдсан, хуваагдахдаа генсэк илүү нэр хүндтэй байгаа гэлцэж байв.
Гэтэл эл мэдээллийг батлах мэт өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан мэндчилгээ дэвшүүлсэн МАН-ын дарга У.Хүрэлсүх болон МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын пост дээр тус намын гишүүд 45, 49 хувиар бараг тэнцүү хуваагдан лайк дарж, дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Д.Амарбаясгалангийн постод лайк дарсан 49 хувьд хамаарагдсан нөхөд У.Хүрэлсүхийн постыг тоож ч хараагүй бол, намын даргынхаа постод лайк дарсан 45 хувь нь генсэкийн постыг жишим ч үгүй өнгөрөөж.
Харин хоёуланд нь адилхан хандсан нь ердөө 6-хан хувь байгаа юм.
Тэгэхээр энэ намаас Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвших тохиолдолд генсэкээ дэмжигч 49 хувь намын даргаа дуулгавартай дагана гэдэг юу л бол… Ганц постод хийсэн дүн шинжилгээнээс харахад л генсэктээ тал засагчид давуу олон байгаа нь Хүкийн хувьд анхаарахгүй орхиж болохгүй үзэгдэл юм.