Коронавирусний эсрэг дархлаажуулалтад 4926 эмч эмнэлгийн ажилтан хамрагдаад байна

2021-02-26
1 min read

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх /2021.02.24-ны 11:00 цаг/ ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цаг дотор нийтдээ 9927 хүнд шинжилгээ хийснээс 30 хүнд халдвар илэрлээ. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-тэй холбоотой 16  тохиолдол илэрч нийт 169 тохиолдол боллоо.

Ингээд Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1989 боллоо. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2286 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 53 тохиолдол эдгэрч, эмнэлгээс гарлаа хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа мэдээллээ.

Харин Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл вакцины талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Дэлхий дахинд коронавирусний эсрэг дархлаажуулалтын 260 гаруй вакцины хөгжүүлэлт явагдаж байгаагаас өнөөдрийн хувьд зургаан вакциныг хэрэглэж байгаа. Файзер, Астразенека, Спутник-5, Синофарм зэрэг зургаан вакцин хэрэглэж байсан бол өчигдөрийн хувьд АНУ-ын адиновируст суурилсан шинэ вакцин хэрэглээнд нэвтэрлээ.

Манай орны хувьд Астразенека вакцинжуулалт эхлүүлээд дөрөв хонож байгаа ба энэ хугацаанд 4926 эмч эмнэлгийн ажилтан хамрагдсан байна. Ямар ч вакцинд дархлаажуулалтын дараа урвал гардаг. Урвалын хувьд халуурах, толгой өвдөх, тариулсан газарт өвдөх, ядрах, бие арзайх гэсэн шинж тэмдэг илэрч байна. Ингэж хариу урвал үзүүлж байна гэдэг нь тухайн хүнд дархлаа тогтож байгааг илэрхийлж байгаа юм. Хэрвээ та 38 хэмээс дээш халуурч, шинж тэмдэг гурваас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

Вакцин хийхээс өмнө, эмчийн үзлэгт орно, дархлаажуулалтаа хийнэ, дараа нь 30 минут эмч хяналтдаа байлгах гэсэн гурван үе шаттайгаар ажиллаж байгаа. Энэ нь бусад дархлаажуулалтыг бодвол, илүү удаан хугацаа шаардаж байгаа юм” гэв.

Орчуулах »
error: Content is protected !!