“Орос, Монгол Улс хамтдаа 100 жил” цахим буухиа Улаанбаатар, Москва хотоос эхэллээ

2021-02-26
1 min read

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан “Хамтдаа 100 жил” найрамдлын цахим буухианы нээлтийн онлайн уулзалт өнөөдөр Улаанбаатар, Москва хотод нэгэн зэрэг боллоо.

Тус буухиаг Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-өөс санаачлан зохион байгуулж буй юм.

Буухианы нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын найрамдлын бүлгийн дарга С.Одонтуяа, Н.Энхболд, бүлгийн орлогч дарга Н.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Бат-Эрдэнэ, С.Анандбазар нар оролцов. Мөн ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын Олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Л.Э.Слуцкий, Олон улсын асуудал хариуцсан хорооны орлогч дарга Б.Б.Жамсуев, Холбооны зөвлөлийн гишүүн, Олон улсын хамтын ажиллагааны Оросын нийгэмлэгийн тэргүүлэгчдийн дарга С.В.Калашников нарын төрийн зүтгэлтнүүд оролцлоо.

1e840c504d10e96341a231ede0fbb2ef "Орос, Монгол Улс хамтдаа 100 жил" цахим буухиа Улаанбаатар, Москва хотоос эхэллээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов нар нээлтийн үеэр баяр хүргэн үг хэлсэн. Нээлтэд үг хэлсэн албан тушаалтнууд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, Монгол-Зөвлөлт хоёр улс хамтран сансарт ниссэний 40 жилийн ойд баяр хүргээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хүмүүнлэг, соёл, эдийн засгийн салбарын талаар хөндөн санал бодлоо илэрхийлсэн юм.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, ОХУ нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон улс орнуудаас 100 жил болж буй анхны улс гэдгийг тодотгосон бол УИХ-ын гишүүн Н.Энхболд 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх олон ажлыг төлөвлөсөн талаар дурдаад өнгөрсөн хугацаанд, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г хугацаагүй байгуулсныг онцлон тэмдэглэв.

Буухиа нь ОХУ-ын Москва, Новосибирск, Барнаул, Горно-Алтайск – Кызыл, Эрхүү, Улаан-Үд, Чита, Элиста гэсэн найман хот, Улаанбаатарын хооронд найман сарын турш үргэлжлэх юм байна.

Цахим буухианы нээлтийг Монгол Улс, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Россотрудничествогийн Монгол дахь төлөөлөгч А.Р.Базархандаев нар хөтлөн явуулав. Дараагийн буухиа гуравдугаар сарын 25-нд Улаанбаатар, Новосибирскийн хооронд болно.

Оросын шинжлэх ухаан, соёлын төв

Орчуулах »
error: Content is protected !!