УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн цахим хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг баталлаа.
Төсвийн байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төслүүдэд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулан хэлэлцсэн талаарх санал, дүгнэлийг тус Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023-оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээг 2021 онд 7.2 хувь, 2022 онд 4.4 хувь, 2023 онд 6.5 хувь байх, харин хэрэглээний үнийн өсөлтийн төвшинг 2021 онд 7.0 хувь, 20122, 2023 онуудад тус бүр 6.0 хувь байхаар тусгасан байна.
Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 8,737,771.7 сая төгрөгөөр батлав. Харин төслийн 7 дугаар зүйлд Монгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 10.676.615.3 сая төгрөг байхаар батлагдлаа.
Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 1.390.921.0 сая төгрөгөөр санхүүжүүлэх, “Барих-Шилжуулэх” концессын төрлөөр хэрэгжуулсэн төсөл. арга хэмжээ, барилга байгууламжид улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд 266.268.7 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр батлав. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2021 оны төсвийн жилд 156,016.9 сая төгрөгийн хэмжээтэй, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2021 оны төсвийн жилд 1.180.143.1 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө тус тус хуримтлуулахаар шийдвэрлэв.