Олон улсын жишигт нийцүүлэн байгуулж буй 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн PCR/ПГУ шинжилгээний гурав дахь цогц лабораторийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.
Монгол улсын худалдаа, эдийн засгийн гол зангилаа Замын-Үүд боомт болон хил орчмын бүсэд гадаад худалдааны эргэлт тасралтгүй хэвийн
явагдах нь цар тахлын энэ цаг үед туйлаас чухал.
Тиймээс энд ажиллаж амьдардаг иргэд, тэр дундаа цар тахлын үед нийт ачаа тээврийг хэвийн үргэлжлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа 1000 гаруй жолоочийг нэн тэргүүнд шинжилгээнд тогтмол хамруулах, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлгийн оношилгоо, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд Рио Тинто болон НҮБ-ын Хүн амын сангийн энэхүү төсөл нь цагаа олсон тусламж боллоо хэмээн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онцлов.
Лабораторийн тоног төхөөрөмж нь зөвхөн коронавирусын шинжилгээнд ашиглагдаад зогсохгүй, үүсгэгч тодорхойгүй бүх
төрлийн вирус оношлох, тэр дундаа томуу, томуу төст өвчин, антибиотикт тэсвэртэй сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин, элэгний В, С вирусийн оношилгоо гээд бүх төрлийн халдварт
өвчнийг эрт илрүүлэн оношлоход чухал үүрэгтэй гэнэ.
Тэрчлэн энэ ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын
эмч мэргэжилтнүүдийг ч сургаж бэлтгэжээ. Мөн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээр дамжуулан хил орчмын таван сумдад зайнаас оношилгоо, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх 20 багцыг гардуулан өгсөн байна.
Рио Тинто группийн хувьд үүнээс өмнө Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт мөн энэхүү цогц лабораторийн тоног төхөөрөмжийг өгч байснаас гадна энэ сарын 26-ны өдөр буюу баасан гаригт Өмнөговь аймгийн Бүсийн
оношилгоо, эмчилгээний төвд дөрөв дэх лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй аж.