Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр шийдвэрлэв.
Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Ингэхдээ хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд хамрагдахаа сонгох юм.
Харин орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй.
Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг гуравдугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэх санал оруулсан ч дэмжигдсэнгүй.
Учир нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулалт эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш хэмээн үзжээ.
Тиймээс хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэж байхаар тогтов.