Эрдэнэт үйлдвэрт хэрэгжих зарим төслийн явцын талаар Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын орлогч дарга Л.Эрдэнэбатаас тодрууллаа.
-Саяхан 120, 125 мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэх технологийн ТЭЗҮ-ийг боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж дэмжигдсэн. Энэ талаар ярина уу?
-Үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2020 оны 10-р сарын 12-ны өдрийн А/548 дугаар тушаалаар Ган бөөрөнцгийн цехэд 120, 125 мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэх шинэ технологи нэвтрүүлэх төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдcан. Баяжуулах үйлдвэрт импортоор авч хэрэглэж буй 120, 125 мм-ийн голчтой ган бөөрөнцгийг дотооддоо үйлдвэрлэж чанарын шаардлага хангасан, хямд өртөгтэй бүтээгдэхүүнээр тасралтгүй, найдвартай хангах зорилтын хүрээнд салбарын мэргэшсэн инженерүүдийн зөвлөгөө, удирдамжийн дагуу ТЭЗҮ-ийг боловсруулан УУХҮЯ-ны дэргэдэх “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэн зарим нэг засвар оруулж батлууллаа. Индукцийн зуух ашиглан, давтмал аргаар 120, 125 мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэх энэхүү технологийг дараах давуу талыг нь үндэслэн сонгосон.
Үүнд:
-Бэлдэц халаах явцад үүсэх төмрийн хаягдал багатай,
-Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцөл сайтай,
-Ган бөөрөнцгийг жигд халаадаг.
-Механик боловсруулалтад харилцан үйлчлэлийн деформац ихтэй тул сайн чанарын ган бөөрөнцөг үйлдвэрлэх боломж олгодог.
-Байгаль орчинд сөрөг нөлөө багатай гэх мэт. Одоогоор Ган бөөрөнцгийн цехэд ашиглаж буй тоног төхөөрөмжтэй зарчмын хувьд ижил боловч булны оронд давтах алхыг ашиглаж байгаагаараа онцлог. Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн хэмжээг жил бүр нэмэгдүүлж, Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг өсгөх техник, технологийн шинэчлэл хийж байна. Үүнийг дагаад ган бөөрөнцгийн хэрэгцээ ч нэмэгдэнэ. Цаашид Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Жилд 10,000 хүртэлх тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэх шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Ган бөөрөнцгийн цехэд 120, 125 мм-ийн голчтой бөөрөнцөг үйлдвэрлэх төсөл хэрэгжсэнээр 25 ажлын байр нэмэгдэж, жилд улс, орон нутгийн төсөвт 3.6 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх боломж бүрдэнэ.
-Бүтээгдэхүүний түүхий эдийг хаанаас авах вэ?
-БНХАУ-аас гол бэлдцээ авна. Цаашид дотоодын үйлдвэрүүдээс авах бэлдцийн найрлага, чанар, өртгийг судалж үзнэ. Одоогийн байдлаар Ган бөөрөнцгийн цехэд БНХАУ-ын “Anyang” компанийн тоног төхөөрөмж ашиглан 40, 60, 100 мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэж байна. 120, 125 мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг тус компанийн тоног төхөөрөмжийн жишгээр ТЭЗҮ-д оруулсан.
-Ямар үр ашигтай ажиллах тооцоо гарсан бэ?
-Маркетингийн хэлтсээс ирүүлсэн ган бэлдцийн үнийн санал дээр үндэслэн нэг тонн ган бэлдцийн өртөг 729 ам.доллар буюу 2,139,000 төгрөг байхаар ТЭЗҮ-ийн тооцооллыг хийсэн. Гадаад зах зээл дээр бэлдцийн үнэ өсвөл импортоор авах ган бөөрөнцгийн үнэ өсөх нь тодорхой. Ган бэлдцийн үнээс хамаарсан эдийн засгийн хэд хэдэн мэдрэмжийн шинжилгээ хийснээс бэлдцийн “үнэ” хамгийн их мэдрэмжтэй байна гэж дүгнэсэн. Уг төсөл хөрөнгө оруулалтын зардлаа нэг тонн ган бэлдцийн үнэ 2,193,000 төгрөг байхад 2.9 жилд нөхөх тооцоо гарсан.
-Манай үйлдвэр стратегийн чухал ач холбогдолтой төслүүд хэрэгжүүлэх хэтийн зорилготой ажиллаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Үйлдвэрийн газрын хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат болон Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын дарга Д.Эрдэнэцогт нарын удирдлага дор Хөгжлийн хэлтэс болон холбогдох цех, нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Тэдгээрээс товч дурдвал:
-Ил уурхайн хөрс тээвэрлэлтэд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр Герман улсын “3BTEC AUFBEREITUNGS SYSTEME” компанитай 2020 оны 5 сараас эхлэн гэрээ байгуулан ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр Ил уурхайн ашиглалтын зардал тодорхой хэмжээнд бууруулна гэсэн тооцоо хийсэн. Одоогоор ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явж байна.
-Засвар механикийн заводын 2031 он хүртэлх өргөтгөл шинэчлэлийн урьдчилсан ТЭЗҮ-ийг 2020 оны 6 сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж дэмжигдсэн. Энэ онд ЗМЗ-ын өргөтгөл шинэчлэлийн хүрээнд нарийвчилсан ТЭЗҮ-ийн тооцоолол хийгдэнэ.
-Исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрийг HL-SX/EW технологиор боловсруулан катодын зэс үйлдвэрлэх гидро металлургийн үйлдвэр барьж байгуулах ажлын хэсэг байгуулагдаж, тендер зарлах үе шатанд явж байна.
-Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмалаа тасралтгүй ажиллагаатай хос SKS технологиор хайлуулан, боловсруулах металлурги-химийн үйлдвэр байгуулах, ТЭЗҮ-ийг БНХАУ-ын “ENFI” болон “NFC” консорциумтай хамтран боловсруулсан. Өнөөдрийн байдлаар нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахад үндсэн өгөгдөл болох МХҮ-ээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг боловсруулж, элементийн хүхэр үйлдвэрлэх технологийн “үйлдвэрлэлийн туршилт”-ын ажлын гэрээг тус патент эзэмшигч БНХАУ-ын ENFI-тай байгуулахаар ажиллаж байна.
-Бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг дээшлүүлэн, нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор молибдены үйлдвэр барьж байгуулах ажлыг хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” байгуулах төслийн хүрээнд Үйлдвэрлэл технологийн парк байгуулах урьдчилсан ТЭЗҮ, Паркийн хөгжлийн урьдчилсан төлөвлөгөөг 2020 оны 5 сард УУХҮЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн. Эрдэнэт үйлдвэр ҮТП эрхлэх тусгай зөвшөөрөл авах баримт бичиг бүрдүүлэн УУХҮЯ-нд хүргүүлсэн. Ер нь томоохон төслийн ажлууд төлөвлөгөөний дагуу хэвийн явж байна.
-Баярлалаа.