Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД19-ийн эсрэг дархлаажуулалтын Астразенека вакцины анхны тунг хийлгэж, энэхүү вакциныг аюулгүй гэдгийн баталгаа болов.
БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган тун Астразенека вакциныг өчигдөр хүлээн авсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын нэгдүгээрт ийнхүү орсон бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёрдугаарт хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриаллаа.
Вакцинжуулалтын эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хамрагдана.
Ерөнхий сайд вакцинд хамрагдсаныхаа дараа өөрийн цахим хуудсаар
“Өнөөдөр хоёрдугаар сарын 23-ны өдөр шинэ Засгийн газар бүрдэж байгуулагдаад яг 25 хонож байна. Энэ 25 хоногт олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, шуурхай, системтэй, шинэ бодлогыг дэвшүүлэн амжилттай ажиллахыг хичээж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдаж, нийт ААН, иргэдийн 95 хувь амьдралын хэвийн горимд шилжиж байгаа. Тулж ирсэн зовлонгийн өмнө үндэстнээрээ нэгдэн зогсож чаддагийг бид хамтдаа бүтээж чадлаа.
Хөл хорионы үед төр засгийнхаа шийдвэрийг хүндлэн дагасан нийслэлчүүддээ, өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан төрийн албан хаагчдадаа баярлалаа. Хөл хорионы өдрүүдэд гурван чухал үр дүнд хүрлээ.
• Эхнийх нь бид өвчний тархалтыг хумьж чадлаа. Бид 411 мянган иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн ч 523 мянган хүнийг шинжилгээнд хамруулж, 122 халдварын тохиолдол, 33 голомтыг илрүүллээ.
• Хоёрдугаарт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүллээ. Дархлаажуулалт энэ цаг мөчөөс албан ёсоор эхэлж байна. Монгол Улс дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа. Оюун санааны хөрш БНЭУ-ын ард түмэнд баярлалаа.
• Дараагийн үр дүн нь эдийн засгаа сэргээх суурь нөхцөл бүрдлээ. Дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ” хэмээн жиргэжээ.