МАН-ын Их хурал хойшилж, МАХН дагаар орж мэдэх нь

У.Хүрэлсүх хөдөлж эхэллээ. Ирэх сарын 1-нд товлосон Намын их хурлыг хойшлуулав. Шалтгаан нь цар тахал. Хугацаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа.

Хурал товлосон хугацаандаа болсон бол У.Хүрэлсүх намын даргын тамгаа Л.Оюун-Эрдэнэд шилжүүлэх байлаа. Ингэснээр У.Хүрэлсүх жинхэнэ утгаараа сул гишүүн болох байв. Гэхдээ ийм өдөр ирэхгүй гэдгийг Л.Оюун-Эрдэнэ ч, У.Хүрэлсүх ч мэдэж байсан. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ биш У.Хүрэлсүх намын 100-н жилийн ойн илтгэлийг өдөр шөнөгүй бэлдэж, толины өмнө эргэлдсэн хэрэг.

Амаржсан эх нярайд хүнлэг бус хандсан гэх далимаар У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон. Гадныханд гоё, монголчуудад жүжигчин гэгдсэн тэрбээр хэцүү цагт иргэдээ хаяад зугтсан “хурандаа”. Мөрдэсээ хуулж халаасандаа хийн арилсан тэр дөрвөн сарын дараа Төрийн тэргүүний сунгаанд хүч үзэхээр ичих нүүрэндээ элэг наагаад гарч ирнэ.

Үүний төлөө Ухнаагийн хүүд гүйцэтгэх засаглалын тэргүүний суудал бус намын даргын тамга хэрэгтэй. Нам доторх “цөөврүүд”-дээ бариулахад бэлэн түүнд намын тамга л хоргодох газар болж байгаа нь үнэн юм.

Намын Их хурлын оронд ирэх сард намын Бага хурлыг хуралдуулж Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ МАН тодруулна. Мөн л цар тахлаас сэргийлж онлайн хуралдуулна гэх зар түгж байна.

Ерөнхий сайдын тамгыг тэвэрч, намын даргын сэнтийд улиран шингэж ирсэн түүний хувьд Бага хурлыг хайрцаглах нь ядах зүйл биш. Тиймээс нэр дэвших асуудал ногоон гэрлээр шийдэгдсэн гэсэн үг.

Огцрохын өмнөх өдөр У.Хүрэлсүх нам доторх фракцийн удирдлагуудтай уулзаж, энэ тохироог хийчихсэн. Үүний нотолгоо нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ дахь МАН-ын бүлгээр 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы хуралдаан дээр намын гишүүд дуу нэгтэй гар өргөсөн явдал.

Л.Оюун-Эрдэнийн оронд хэд хэдэн хүн, бүлэг фракцийн нэр Ерөнхий сайдад яригдаж байсан ч Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж, тус намын хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Х.Баттулгынхны зүгээс МАН-ын засаглаж буй Засгийг шүүмжлэх, харлуулах явдал тасрахгүй байсан тул энэ эрчийг сааруулах сонголт яалт ч үгүй Л.Оюун-Эрдэнэ байсан гэдэг.

Үнэндээ ч херо Б.Баатарын төлөвлөгөөнд өөрчлөлт орсон байх.

Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бүх хариуцлагыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар үүрнэ. Сонгуульд ялагдсан ч, ялсан ч У.Хүрэлсүх тамгаа ширээн дээр тавиад явна. Тэр үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай ч хариуцлага ярина.

Шинэ үеийн залуусийн төлөөлөл болсон 80-аад оныхонд боломж олгосон ч тэд төлөвшөөгүй, боловсроогүй байгаа нь харагдана. Тиймээс мэргэшиж, боловсрох шаардлагатай гэх ядмаг тайлбартайгаар Засгийн газрыг огцруулах биз. Онцын том шалтгаан гарчихгүй бол шүү дээ.  

Хэдийгээр фракциудын хооронд тохироо бий ч Л.Оюун-Эрдэнийн хувьд суудалдаа үлдэхийн тулд өдөр, шөнийг үл ажран үзэг цаас нухаж суух болсон гэж байгаа. Өмнөх Засгийн газрын үед хэлж, хэрэгжүүлээгүй олон санаа, төлөвлөгөө гэнэт гаргаж ирж Хүүкийг шоконд оруулж байгаа юм байх. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө, сонссон У.Хүрэлсүх ширээгээ шааж сандлын хөл өшигчсөн дуулдсан.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших эсэх асуудал Үндсэн хуулийн Цэцээр орно. Цэц асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс АН-ын нэр дэвшигч тодорно.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд “Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэдэг заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдаж гарсан УИХ-ын тогтоолд юу гэж заахаас үл хамаараад зургаан жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд л хамаатай. Зургаан жилээр сонгогдсон хүн л энэ хоригт орно, түүнээс өөр хүн энэ хоригт орохгүй. Зургаан жилээр Ерөнхийлөгч болсон хүн өнөөдөр Монголд байхгүй, анхны хүн нь энэ жил сонгогдох хүн. Яг ийм ойлголтоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан. Х.Баттулга Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэдэг яриа саяхнаас гарч байгаа биз. Ердөө л 2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаас гараад эхэлсэн. Үндсэн хууль батлагдаад бүтэн жил болоход энэ талаар хэн ч, юу ч яриагүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаа өгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр биеэ бэлдээд эхэлж байна. У.Хүрэлсүх гэдэг хүнд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Х.Баттулга. АН-д МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй өрсөлдчихөөр хүн алга. Тиймдээ ч Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх бүх зүйлийг У.Хүрэлсүх өөрөө хийж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа ярьж тохирсноосоо тэс өөр зүйл ярьж байна. Маш олон хуульч, ХҮН гэдэг намынхан хүртэл нэгэн зэрэг шаагилдаад эхэллээ” хэмээн Өдрийн сонинд ярилцлага өгч.

Гэхдээ З.Энхболд нь Үндсэн хуулийн цэц биш тул асуудал хэрхэн шийдэгдэхийг энэ хариултаар хязгаарлаж болохгүй.

АН-аас гадна гол өрсөлдөгч МАХН. Энэ намаас С.Ганбаатар нэр дэвших мэдээлэл бий. Гэхдээ хэнийг нэр дэвшүүлэхээ Н.Энхбаяр эцэслэнэ. Түүнд хэнээс ямар ашигтай санал ирэхээс хамаарч, нэр дэвшигчээ гаргаж тавина гэж хэлж болно. Н.Энхбаярт үүнээс өөр чадах юм үлдээгүй. Тиймээс МАН-ын дэмжлэгээр Н.Батшугарыг Сонгинохайрхан дүүргээс УИХ-д нэр дэвшүүлэн парламентын босго алхуулах тохироо хийж байгаа гэх мэдээлэл бий.

Хэрэв тийм бол С.Ганбаатар нэр дэвшихгүй. Хэзээ ч шарваж, хаашаа ч попорчихож мэдэх араншинтай С.Ганбаатараас сайн ч, муу ч төрсөн хүү нь илүү байх биз дээ, түүнд. Уруул дордойвч элэг дордойхгүй ээ гэж.

У.Хүрэлсүх, Н.Энхбаяртнууд эртний өстөн ч улс төрд мөнхийн дайсан, мөнхийн эрх ашиг үгүй тул өөрт хэрэгтэй гэвэл юу ч хийж мэдэх нөхөд.

Ямартай ч одоогоор МАН-ын Их хурал У.Хүрэлсүхийн зураглалаар хойшилж, МАХН дагаар орж мэдэх нь.

Орчуулах »
error: Content is protected !!