Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl-2021” тэмцээний үеэр Канадын дуучин “Weeknd” уран бүтээлээ толилуулахаар болжээ.
“Бид бүгд “Super Bowl” тэмцээний дундуур дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн үзүүлбэрийг үзэж өссөн. Энэхүү нэр хүндтэй тайзан дээр гарах болсондоо маш их баяртай байна” гэж “Weeknd” хэлжээ.
Өдгөө 30 настай “Weeknd” нь “Grammy” наадмаас гурван шагнал хүртэж байсан бөгөөд түүний сүүлд гаргасан “After Hours” цомог шилдэг цомгуудын жагсаалтад бичигдэж, “Blinding Lights” дуу нь Америкийн шилдэг 100 дууны эхний тавд хамгийн удаан багтсан уран бүтээл болсон ажээ.
Дэлхийн хамгийн том тоглолтуудын нэгд тооцогддог энэхүү “Super Bowl”-ын завсарлагын тоглолт нь дэлхийн хөгжмийн салбарын хамгийн үнэ цэнтэй шоунд тооцогддог бөгөөд Майкл Жексон, “Prince”, Мадонна, Леди Гага, Бейонсе тэргүүтэй алдартнууд уран бүтээлээ толилуулж байсан юм. Харин 2020 оны “Super Bowl”-д Шакира, Женнифер Лопес нар үзүүлбэрээ толилуулж, 104 сая гаруй хүн үзсэн байна. Ирэх оны “Super Bowl” Флорида муж улсын “Raymond James” цэнгэлдэх хүрээлэнд хоёрдугаар сарын 7-нд болох юм.