Өрхийн сарын дундаж нийт орлого өмнөх улирлаас 5.8 хувиар буурлаа

2021-02-17
2 мин уншина

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 49.5 (3.6%) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 88.1 (5.8%) мянган төгрөгөөр буурчээ. Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2020 оны 4 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.3 (1.3%) мянган төгрөгөөр өсжээ. Үүнд цалин хөлсний бодит орлого 9.0 (1.6%) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 63.9 (33.9%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Харин өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ өмнөх улирлаас 75.6 (6.2%) мянган төгрөгөөр буурсан бөгөөд үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний бодит орлого 10.0 (14.4%) мянган төгрөгөөр, цалин хөлсний бодит орлого 51.6 (8.3%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлжээ.

Судалгааны 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлогын 92.7 хувийг мөнгөн орлого, 3.1 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 4.2 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна. Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд цалин хөлсний орлого 54.0 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 23.9 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 7.6 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 5.6 хувь, бусад орлого 8.9 хувийг тус тус эзэлж байна. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны 4 дүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.7 (0.9%) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 75.0 (4.9%) мянган төгрөгөөр буурчээ. Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2020 оны 4 дүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16.4 (1.4%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 65.1 (5.3%) мянган төгрөгөөр буурчээ.

Өрхийн сарын дундаж бодит нийт зарлагын хэмжээ өмнөх улирлаас 5.3 хувиар буурахад хүнсний бүтээгдэхүүний бодит зарлага 14.0 (5.7%) мянган төгрөгөөр, хүнсний бус бараа, үйлчилгээний бодит зарлага 37.7 (4.9%) мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.Өрхийн нийт зарлагыг өрхийн мөнгөн зарлага, өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнгүүдийн нийлбэрээр тодорхойлдог. Судалгааны 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт зарлагын 92.9 хувийг мөнгөн зарлага, 3.0 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 4.1 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний зарлага эзэлж байна. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагыг бүтцээр нь авч үзвэл, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 68.2 хувь, хүнсний бүтээгдэхүүний зарлага 21.5 хувь, бусад зарлага 8.5 хувь, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага 1.8 хувийг тус тус эзэлж байна хэмээн Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!