Япон Улс “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрөө өнөөдрөөс эхлүүллээ. Эхний ээлжинд эмнэлгийн 40 мянган ажилтныг дархлаажуулалтад хамруулсан байна.
“COVID-19”-ийн вакцины эхний тунгуудыг Токио хот дахь улсын эмнэлэгт хийсэн бөгөөд ирэх долоо хоног гэхэд вакцинжуулалтыг эмнэлгийн 100 байгууламжид явуулахаар төлөвлөж байна. Япон шинэ коронавирусний эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг харьцангуй хожуу буюу дэлхийн 70 гаруй орны араас эхлүүлж буй нь энэ юм.
Эхний ээлжид вакцинжуулалтад хамрагдах эмнэлгийн ажилтнуудын 20 мянга нь АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн вакциныг хийлгэснээс үүдэлтэй гаж нөлөө болон түүнтэй холбоотой мэдээллүүдийг цуглуулах судалгаанд оролцоно. Тэдгээр ажилтан вакцины хоёр тунгийн эхнийхийг хийлгэснээсээ хойш долоон долоо хоногийн турш биеийн байдлынхаа талаарх мэдээллийг тогтмол өгөх ажээ.