Бразилд вакцины хомсдол үүсэж, дархлаажуулах аяныг түр зогсоожээ

2021-02-17
1 min read

Бразилын Бахиа, Мату-Гросу мужуудын засаг захиргааны төвүүд болох Салвадор, Куябо хотуудад вакцины хомсдол үүссэний улмаас коронавирусний вакцинжуулалтыг мягмар гаргаас зогсоожээ.

“Globo” телевизээр мэдээлснээр, вакцинжуулах ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай тунг хүлээн авах хүртэл эдгээр хотод вакцины эхний тунг хийлгэж амжаагүй хүмүүст тарилга хийхгүй, харин эхний тунг хийлгэсэн хүмүүс хоёр дахь тунгаа хугацаанд нь тариулах боломжтой байна. Үүнтэй адил нөхцөл байдал мөн Рио-де-Жанейрод үүссэн бөгөөд хотын эрх баригчид вакцинжуулалтыг лхагва гаргаас түр зогсоож байгааг даваа гарагт мэдэгджээ.   

Вакцины хомсдол мөн Парана мужийн Куритиба хотод үүсэж, хотын захирагчийн алба вакцинжуулалтыг баасан гарагт зогсоохоор төлөвлөжээ. Түүнчлэн Санта-Катарина мужийн Флорианополис хотод вакцин “ойрын өдрүүдэд дуусаж магадгүй” гэж мужийнхан тооцоолжээ. Сеара мужийн Форталеза хотод дөрөв хоног хүрэлцэх тун үлдсэн байна. “Globo” телевизээр мэдээлж буйгаар, эдгээр мужийн төвүүдэд ирэх долоо хоногоос нааш вакцин нийлүүлэхгүй аж.

Коронавирусний вакцинжуулалт Бразилд нэгдүгээр сарын 18-нд эхэлжээ. Одоогийн байдлаар тус улс хүн амаа дархлаажуулахад Хятадын “Sinovac Biotech”, Их Британи-Шведийн “AstraZeneca” компаниудын вакциныг хэрэглэж байгаа юм. Мягмар гаргийн оройны байдлаар 5.5 сая хүн буюу нийт хүн амын 2.6 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 300 мянга гаруй хүн хоёр тунг хоёуланг нь тариулжээ.

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »
error: Content is protected !!