COVID-19 вирусын нөхцөл байдлын үед бизнес эрхлэгчид зөвлөмж хүргүүлжээ

Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас компани, ААН-үүдэд зөвлөгөө хүргүүлж байна. Үүнд “COVID-19”-ийн цар тахлын нөхцөл байдалд ажиллах журам, мөн бизнесийн эрсдэлээ удирдах багц зөвлөмж багтажээ. 

Үйлдвэр, ААН-үүдийн ажилчин, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах талаар:

  • Ажилтнуудын сэтгэл санааг хэвийн байлгах орчин нөхцөлийг бүрдүүлэх, 
  • хүнсний нөөцөөр хомсдсон нөхцөлд ажиллах горим тогтоох,
  • эрсдэлтэй нөхцөл байдалд хариуцах , зохион байгуулалт хийх хүмүүсийг томилох,
  • тогтмол мэдээлэл солилцож, зар түгээх утас цахим сувгыг тодорхой болгох,
  • ажилтан бүрийн аюулгүй байдлын зэрэглэлийг тогтоож, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр хангах,
  • онцын шаардлагагүй тохиолдолд гадаад, дотоод томилолтыг цуцалж, хязгаарлах, 
  • ажилтнууд гэрээсээ ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хурал уулзалт, яаралтай мэдээллийг цахимаар дамжуулан хийх,
  • Яаралтай үед холбогдох эрэмбэ дарааллыг тогтоон тодорхой болгох, 
  • сэжигтэй тохиолдол гарсан үед тусгаарлах өрөө бэлтгэх (119 тусгай дугаарт мэдээлэх)
  • Гадаадын иргэдэд зөвлөгөө өгөх дугаарыг мэдэгдэх (SOS medical 91913122. Intermed 80105577).

Харилцагч нараа халамжлах (компани болон эцсийн хэрэглэгч) талаар:

  • харилцагч нэг бүртэй холбогдож, бизнесийн үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхийг тодруулах,
  • өөрсдийн үйл ажиллагааны хуваарийн өөрчлөлт болон онцгой нөхцөл байдлаар мэдэгдэх,
  • харилцагч хооронд онцгой нөхцөл үүсэж, эрсдэл учирч болзошгүй тохиолдолд харилцан тохиролцож, аюулгүйн горимд шилжих, 
  • онцгой харилцагч нараа халамжилж, санаа тавих,
  • үйлчилгээний байгууллагууд харилцагч нарт эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйгээр аюулгүй байдлаар сайн хангах зөвлөмжийг хүргэж, эелдэг найрсаг харилцаа болон хамтын ажиллагааг баримтлах,
  • зөвхөн бизнесийн үр ашгийн төлөө бус тогтвортой байдлаа хадгалах, болзошгүй бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах итгэл үнэмшил, эрмэлзэлтэй байхыг зөвлөжээ. 

Мөн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан ААН, бизнес эрхлэгч нарт гарч байгаа хүндрэл, бэрхшээл, ялангуяа Алтанбулагийн хилийн боомт хаагдсанаас үүдэн алсын тээвэр хийхтэй холбогдон тулгамдаж буй зүйлийн талаарх санал гомдлоо [email protected] гэцахим хаягаар ирүүлэхийг зөвлөв. Онцгой нөхцөл байдлын үед бизнесийн орчныг хамгаалж, бодлогын өмгөөлөл үзүүлэхээ МҮХАҮТ илэрхийлж байна. 

Орчуулах »
error: Content is protected !!