Баянзүрх дүүргийн халдварын тархалт нэмэгдсээр байна

Эрүүл мэндийн яамнаас хийсэн 11:00 цагийн мэдээллээс хойш Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 48а байр, 205 дугаар байр, мөн 14 дүгээр хороонд орших “Шинэ үе” хотхоны 102 дугаар байранд хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтад авчээ.

Тухайн байруудын оршин суугч иргэдийг шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжилт хийж, мэдээ, мэдээллээр хангах ажлыг дүүргийн шуурхай штабаас зохион байгуулж байна.

Түүнчлэн тус дүүргийн 5-р хорооны 6-р байранд өнгөрөгч сарын 29-ний өдөр коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, цагдаагийн хамгаалалтад авч байсан.

Харамсалтай нь эл байрны халдвар голомтлон тархаж өнөөдрийн байдлаар нийт 10 өрхийн 21 иргэнээс халдвар илэрчээ.

Иймд тус байрны цагдаагийн хамгаалалтыг буулгахгүйгээр гэрийн ажиглалтын 14 хоногийг үргэлжлүүлэх юм байна.

Тусгаарлалтын хугацаанд хоол хүнс шаардлагатай айл өрхүүдээс захиалга авч хүнс хүргэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд ариутгал, халдваргүйтэл болон хог ачилтыг тогтмол хийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.

Тэрчлэн мөн дүүргийн нутаг дэвсгэрт орших Тарвалин хотхонд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн мэдээллийг эх сурвалжаас өглөө.

Орчуулах »
error: Content is protected !!