ОХУ-ын Гадаад хэргийн яам Москва, Санкт-Петербург хотод өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд болсон зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон Швед, Польш, Германы дипломатчдыг “тааламжгүй этгээд” гэж үзэж байгаагаа баасан гарагт мэдэгдлээ.
“Зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон дипломатчдыг 1961 оны дөрөвдүгээр сарын 18-нд баталсан Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн дагуу тааламжгүй этгээд хэмээн үзлээ. Тиймээс тэд ОХУ-ыг нэн даруй орхин явах ёстой” гэж яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Швед, Польш, Германы Элчин сайд нарыг уг явдалтай холбогдуулан яамны байранд дуудан ирүүлсэн ажээ.
“ОХУ-ын тал Швед, Польш, Германы Дипломат төлөөлөгчийн газрууд болон албан хаагчид олон улсын хууль тогтоомжийг чанд мөрдөнө гэж найдаж байна” гэж яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Монцамэ