Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Д.Сумъяабазар нарын мөчөөрхөл цар тахлаас илүүтэй аюул даллах вий.
УИХ-ын гишүүний дархан эрх, яамбанаасаа татгалзан байж олж авсан хотын даргын сэнтий газар хөдлөлт аятай чичирхийлнэ. Эвгүйтвэл эрхэм мээр нөмгөн нүцгэн хөөгдөж мэдэхээр.
Шалтгаан мундахгүй. Засгийн газар, УОК шийдвэр гаргахад нийслэлийн удирдлага өөр зүйл ярьдаг. Машин явуулахгүй хориглож нийтийн тээвэрт иргэдээ бөөгнөрүүлдэг. Барааны лангуу ажиллуулахгүй хэрнээ хүнсний худалдааг нээлттэй орхисон зэрэг зэмлэлүүдээ Ерөнхий сайд хариуцлагын шатанд чирч ирээд ажил хэрэг болгочихвол дуусна.
Ямартаа ч ажлаа авмагцаа Л.Оюун-Эрдэнэ ингэж хотын мээрийг буруутгасан нь тэд хэл амаа ололцохгүй байгаагийн илрэл гэж харагдаж байгаа.
У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад тэд уг нь нэг танхимд нийлэн ажиллаж байсан нөхөд.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Сумъяабазар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Тавантолгойн IPO дээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хамтран ажиллаж, тохой нийлүүлэн хурал хийж байв.
Тэгвэл тэд хэдийнээс зөрчилдөж эхлэв…
Оны өмнө Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Дагвадорж ажлаа өгсөн. Циркийн хувьчлал сөхөгдөж, асуудал хурцдахтай зэрэгцэн Соёлын сайдаар ажиллаж байсан С.Чулуун “Улсын циркийн менежментийн хувьчлалыг эргэж харна” хэмээн ёс төдий мэдэгдсэн нь Л.Оюун-Эрдэнээр түлхүүлсэн Х.Баттулгын нүүдэл байсан гэлцдэг.
Гэхдээ Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар Ерөнхийлөгчтэй зөрчилдсөн гэхээс илүүтэй зөрчилдсөн мэт харагдах жүжгийн хэсэг гэж тайлбарлагсад олон.
Үнэндээ Асашёорюүг Ерөнхийлөгч Х.Баттулгаас алхам салгаж ойлгохгүйтэй адил төрсөн ах дүүс салж хагацан ажиллана гэж юу байх билээ.
2020 оны УИХ-ын сонгуулийн дараа У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр улирч, Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу кабинетаа бүрдүүлэх үеэр Д.Сумъяабазартай маргалдаж, улмаар гар зөрүүлсэн гэх мэдээлэл цацагдсан. Мэдээллийг Д.Сумъяабазар цахим хуудсаараа үгүйсгэсэн ч У.Хүрэлсүхийн туяа татаж хөхрөлттэй харагдаж байсан нүд анхаарал татсан хэвээр байв.
Сайдын суудал авч чадаагүйгээс ийнхүү уцаарлаж, гар хүрсэн гэх яриа Тусгаар тогтнолын ордонд хэсэгтээ хөвөрсөн. Эл шуумтай зэрэгцэн он гараад Эдийн засаг, хөгжлийн яам байгуулна гэсэн У.Хүрэлсүхийн үг нь Д.Сумъяабазарт амласан сэнтий байсан гэх яриа ч гараад амжсан.
Гэтэл юун шинэ яам, өнөөх яамыг нь ирэх намраас дахин ярилцана гээд Л.Оюун-Эрдэнэ хойш тавьчихсан. Уг нь мань эрийн дотор Ерөнхий сайдын суудал, шинэ танхимтайгаа бүхлээрээ багтаж байсан гэдэг.
Тиймээс Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад яригдах үеэр бухимдлаа барьж дийлэлгүй хэдэн хатуу үг чулуудаад авсан.
Хоноц хоноцдоо дургүй гээч л Ерөнхийлөгчийн эргэн тойрны залуусын дунд болоод байх шиг.
Х.Баттулгын хувийн “шадар” туслах, херо Б.Баатарын төрсөн дүү Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч асан, мөн хувийн нь “шадар” Д.Дагвадоржийн төрсөн ах Д.Сумъяабазар, Х.Баттулгын охины хадам С.Амарсайхан нарын үл ойлголцол энэ улс, хотын ажил урагшлахад чөдөр тушаа болж мэдэхээр харагдана.
Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсан даруйдаа хотын даргад хатуухан үг шидсэний маргааш Д.Сумъяабазар гөжүүдэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарыг хүлээн авахаас “татгалзсан”.
Улмаар хөл хорио тогтоохыг эсэргүүцэн Улсын онцгой комиссын хуралдааныг хоёр ч удаа хийлгэсэн гэхээр Д.Сумъяабазар нэлээдгүй ууртай байгаа хэрэг юм.
Үүнд нь хариулт болгож Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын уулзалтын үеэр хөл хориог дахин 2-3 удаа тогтооно хэмээн мэдэгдээд амжлаа.
Тэрбайтугай, сар шинийн барилдаан хийнэ хийлгэхгүй гэж мөчөөрхөлцсөөр эцэстээ Үндэсний бөхийн холбооны мэдэгдэл гээч дээр тус холбооны “ард” хэн байгааг битүүхэн сануулаад аваа юу гэмээр хэдэн байгууллагын нэр зориуд зоосон харагдана лээ.
Энэчлэн Ерөнхийлөгчийн хүрээллийн эрс зөрчилдсөөр, зөрчил нь ил цагаандаа болж.
Энэ байдал удаан үргэлжилж хотын дарга гэдийсээр Засгийн газрын ажлыг чөдөрлөөд байвал Л.Оюун-Эрдэнэ өөрт олгогдсон бүрэн эрхээ эдлэхээс өөр гарцгүй.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4-т “Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө” гэсэн заалттай.
Тэгэхээр Ерөнхий сайд НИТХ-д хотын даргыг огцруулах албан бичиг илгээснээр 15 хоногийн дотор асуудал эцэслэгдэнэ гэсэн үг.