Цар тахлын үед 180 000 ам.долларын гэрээ хийх нь шударга уу, Л.Оюун-Эрдэнэ сайдаа!!!

Төрийн өмчит МИАТ компани “Bloomberg” телевизтэй жилийн 180 000 ам.долларын гэрээтэй бөгөөд энэ нь 2024 оны зургадугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэх аж. Монголбанкны ханшаар 1 ам.доллар 2850 төгрөгтэй тэнцэж байгаа. Энэ өртгөөр үзвэл 513 сая төгрөгийг жил бүр тус телевизэд төлдөг байх нь.

Цар тахлын улмаас улс орнууд агаарын хилээ хааж, олон улсын нислэгүүд зогссоноор МИАТ компани алдагдал хүлээж, сөхрөхийн ирмэгт байна хэмээн “уйлан хайлдаг” гүйцэтгэх захирал Д.Баттөрийн “нулимс” ёстой матрын нулимс байж.

Тус компани 2019 онд 30-40 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан ч олон улсын нислэг хаагдсанаар алдагдал хүлээх болсон. 2020 онд төлөх ёстой байсан агаарын 4 хөлгийн түрээсийн зардалд 6.4 сая ам.доллар буюу нийт 20 тэрбум төгрөгийг төлж чадалгүй 2022 оны төлбөр рүү шилжүүлсэн гэж байгаа.

Ингэн байж өнөөдрийн тусгай үүргийн онгоцны төлбөрийг хийх боломж бүрдсэн гэдэг тэрбээр ганц телевизэд хэрхэн юуны учир ийм их хэмжээний мөнгийг ямар ч тендэргүй өгч байна вэ?!

Олон улсын нислэгүүд зогссон байхад МИАТ-ийн сурталчилгаа хэнд хэрэгтэй вэ….

Энэ бол Эрдэнэтийн 49 хувийн араас өнөөг хүртэл “үхэлдсээр” буй Худалдаа хөгжлийн банкнаас Төрийн өмчит МИАТ компанид үзүүлж буй “рекэт” гэж хэлэхээр гэрээ байгаа юм.

Яагаад “рекэт” гэж!!!

Худалдаа хөгжлийн банк нь МИАТ компанитай 2019 оны тавдугаар сарын 7-ны өдөр ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ гээчийг 5 жилийн хугацаатайгаар байгуулжээ. Тэдний гэрээ 2024 оны зургадугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

Товчхондоо МИАТ ХК-ийн өмчлөлийн, түрээслэж байгаа, энтертайнмент системтэй агаарын хөлгүүдийн дэлгэцээр Худалдаа хөгжлийн банкны видео шторк нь цацагдах гэрээ…

Ингэж цацуулснаараа тус банкнаас МИАТ-д жилийн 500 000 ам.доллар төлөх аж. Мөн агаарын хөлгийн суудлын толгойн налавчинд банк логогоо байршуулна. Энд лого байршуулсны төлөө нэмээд 250 000 ам.доллар төлөх юм байна. Үүгээр үзвэл МИАТ компанид ашигтай гэрээ мэт харагдаж байгаа.

Харамсалтай нь, МИАТ эл гэрээг хийснээрээ Худалдаа хөгжлийн банкны аманд багтаж, далайсан газарт нь далд орж, далласан газарт нь ил гарч явдаг бололтой.

Гэрээнд зааснаар TDB банкны сурталчилгаа Боинг 767-300 ER, Боинг 737-800 NG, Боинг 737-MAX болон танхимын дэлгэцтэй бусад онгоцуудаар ч явна. Гэхдээ TDB банк болон МИАТ-ийн өөрийнх нь сурталчилгаанаас өөр ямар ч реклам авахыг хатуу хориглож байгаа юм.

Өмнө нэгэнт хийгдсэн байсан Panasonic-ийн гэрээг цуцлуулалтай биш. Тиймээс Panasonic -ийн рекламыг зөвхөн Боинг 737-MAX агаарын хөлөгт л явуулна, өөр аль ч хөлгийн дэлгэцээр хялайлгахгүй гэдгийг эрхэм Худалдаа хөгжлийн банк гэрээндээ заагаад өгчихсөн. Тэрбайтугай Panasonic-ийн нэр бариад өөр банк, санхүүгийн байгууллагын сурталчилгаа ороод ирэхвий гэдгийг ч тэд мартаагүй.

Тийм нарийн, чанд заалттай гэрээ.

МИАТ компанид ашигтай юм шиг харагдавч “бүрэн эрхшээл”-дээ оруулчихсан эл гэрээний хамгийн аймшигтай хэсэг нь “Нэйшнл Ньюс корпорэйшн” ХХК-ийн “Bloomberg” телевизтэй 180 000 ам.долларын сурталчилгааны гэрээ заавал байгуулахыг тулган шаардсан.

Гэрээний 4.1.3-т яг энэ үг үсгээрээ тодорхой оруулсан байгаа юм.

Шаардаад зогсохгүй тус телевизтэй энэ мөнгөн дүнгээр гэрээ хийхгүй бол Худалдаа хөгжлийн банк нь МИАТ компанид төлөх ёстой төлбөрөө огт төлөхгүй бөгөөд үүнийг нь МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр хүлээн зөвшөөрсөн байдаг /гэрээний 7.7-д/.

Ийнхүү МИАТ-ээс жил бүр “Нэйшнл Ньюс корпорэйшн” ХХК-ийн “Bloomberg” телевизэд 180 000 ам.доллар төлөх үүрэгтэй болчихсон хэрэг.

Харин Худалдаа хөгжлийн банкны тухайд ёстой зажлахгүй залгиад дүлэлгүй баах гэрээг хийсэн тулдаа цар тахлын энэ өдрүүдэд МИАТ-д ганц ч төгрөг төлөөгүй өдий хүрч байгаа гэнэ. Учир нь гэрээний 7.3-т “Сурталчилгаа, үйлчилгээг тухайн улиралд бүх агаарын хөлөгт тодорхой хугацаанд үзүүлээгүй тохиолдолд Банкнаас төлсөн төлбөрийн 50 хувийг, бүрэн үзүүлээгүй тохиолдолд 100 хувиар Банкны нэхэмжлэхийн дагуу буцааж төлнө. Харин нэг агаарын хөлөгт гаргаагүй тохиолдолд тухайн агаарын хөлгийн нислэгийг хувьчилж тооцож төлбөрийг буцаан шилжүүлнэ” гэчихсэн.

Тиймээс дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор МИАТ-ийн нислэг зогссон, тусгай үүргийн нислэг үйлдсэн ч сурталчилгаа нь цацагдахгүй байгаа. Тэгэхээр Банк төлбөр төлөхгүй…

Гэхдээ МИАТ-ээс “Bloomberg” телевизэд 180 000 ам.доллар төлөх үүрэг нь хүчин төгөлдөр хэвээрээ.

Яагаад гэвэл Төрийн өмчит МИАТ компанид ашигтай мэт харагдаж хийгдсэн энэхүү гэрээнд учирч болзошгүй, давагдашгүй хүчин зүйлүүдийн талаар огтхон ч тусгаагүй.

Тэнэгийн дотор уужуу гэгчээр ийм л хариуцлагагүй, үл бүтэх гэрээг эрхэм Д.Баттөр захирал гуай үйлдчихсэн, жил бүр 500 гаруй сая төгрөгийг Bloomberg телевизэд төлж явна.

Худалдаа хөгжлийн банк МИАТ-ийн агаарын хөлгүүдээр монополь эрхтэйгээр сурталчилгаа цацуулдаг л юм байж.

Үүний төлөө яагаад заавал Bloomberg телевизтэй 180 000 ам.долларын гэрээ хийх ёстой байв. МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал уг зүйл заалтыг яагаад зөвшөөрч, төрийн өмчит компанийг хохироож явна вэ….

Эрсдэлт, давагдашгүй хүчин зүйлийн талаар огт тусгаагүй гэрээнд гарын үсэг зурсан Д.Баттөр гэгч нөхөрт итгэж Төрийн өмчит компанийг цаашид даатгасаар байх уу, Л.Оюун-Эрдэнэ сайд аа!!!

Орчуулах »
error: Content is protected !!