Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаарх /2021.02.04-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа ЭМЯ-наас хийлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 16960 хүнд шинжилгээ хийснээс 31 хүнээс коронавируст халдвар илэрсэн бөгөөд бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Тодруулбал, Өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан хүмүүс байна. Үүнээс гадна шинээр хоёр голомт үүсч байна. Нэг нь “Монгол шир” ХК-д голомт үүслээ. Тус компанийн ажилтан 2-р сарын 1-ны өдөр онош батлагдаж ХӨСҮТ-д ирсэн. Түүний ойрын 72 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс халдвар илэрсэн. Хоёрдахь тохиолдол нь нийслэлийн “Амгалан” амаржих газарт бүртгэгдлээ. Тус байгууллагын 234 хүнд шинжилгээ хийхэд хоёр ажилтнаас халдвар илэрлээ.
Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 1054 боллоо. Сүүлийн 24 цагт зургаан хүн эдгэрч эмнэлэгээс гарсан байна.
Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна.