БНСУ-ын эрх баригчид олон нийтийн газар болон тээврийн хэрэгсэл дотор амны хаалт зүүгээгүй эсвэл буруу зүүсэн иргэдийг өнөөдрөөс эхлэн торгохоор болжээ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу торгуулийн хэмжээ 100 мянган вон буюу 95 ам.доллар байх юм байна.
Тус улсад зөвхөн аэрозолийн тоосонцох хамгийн бага хэмжээгээр агуулагдсан амны хаалтууд хэрэглэхийг зөвшөөрчээ. Үүнд мэс заслын амны хаалт, Хүнс, эмийн аюулгүй байдлын үндэсний газраас батлагдсан KF94/KF80 ба KF-AD амны хаалтууд орно. Ийм төрлийн амны хаалтууд байхгүй тохиолдолд хамар амыг бүрэн хаасан даавуун болон нэг удаагийн амны хаалтыг хэрэглэхийг зөвшөөрсөн байна.
Харин торон материалаар хийсэн болон хавхлагатай маск халдвар тархахаас сэргийлж чаддаггүй учир хэрэглэхийг хоригложээ. Мөн нүүрээ хувцас, хүзүүний алчуур, ороолтоороо хааж болохгүй.
Амны хаалтыг ам, хамраа бүрэн хаахгүй, зохих ёсоор нь зүүгээгүй тохиолдолд торгууль ногдуулна. Гэхдээ 14-өөс доош насны хүмүүс, эрүүл мэндийн шалтгаанаар амны хаалт зүүж чадахгүй байгаа өвчтөнүүд, эсвэл бие дааж амны хаалт зүүж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг торгуулиас чөлөөлөх аж.