Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангаас КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхэд зориулж нийслэлийн болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад 293 сая төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг амьсгалын аппарат, 53 сая төгрөгийн хувийн хамгаалах хэрэгсэл хандивлаж байгааг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь Оффисын тэргүүн хатагтай Каори Ишикава хүлээлгэн өглөө.
Уг арга хэмжээнд ЭХЭМҮТ, нийслэлийн амаржих газруудын дарга, захирал нар оролцохын зэрэгцээ орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл цахимаар холбогдон оролцов.
Эдгээр тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг хүлээн авах үеэр Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа НҮБ-ын Хүн амын сангаас КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхэд зориулж амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгсэл хандивлаж байгаад талархал илэрхийлж, энэхүү арга хэмжээ нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгааг тэмдэглэн хэллээ.
Тэрээр НҮБ-ын Хүн амын сан нь КОВИД-19 халдварын цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг тууштай дэмжиж, нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн тусламж нь энэхүү хамтын ажилллагааны томоохон нэг хэсэг болохыг онцлоод амьсгалын аппаратуудыг ЭХЭМҮТ, Нийслэлийн амаржих газрууд болон Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт, хувийн хамгаалах хэрэгслийг нийслэлийн дээрх 4 эмнэлэгт тус тус хүлээлгэн өгөх бөгөөд эдгээр нь КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тоног төхөөрөмжийн хангалтыг дээшлүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудыг халдвараас сэргийлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Хатагтай Каори Ишикава хэлэхдээ НҮБ-ын Хүн амын сан нь Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газартай олон жил идэвхтэй хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний дүнд КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх, цар тахлын үед охид, эмэгтэйчүүд, эрүүл мэндийн ажилтнуудыг халдвараас сэргийлэх, тэдний эрүүл аюулгүй байдлыг хангахад чиглэсэн 392,000 ам.доллар буюу 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус улсын Засгийн газраас шийдвэрлэж, уг төслийн хүрээнд эдгээр амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлж байгааг онцлон тэмдэглээд цаашид хамтын хүчээр цар тахлыг ялан дийлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Энэхүү арга хэмжээний үеэр ЭХЭМҮТ, амаржих газруудын удирдлага болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл хандивлаж байгаад талархал илэрхийллээ.