Тамгатай нь тамгагүйгээ хөөсөн хөгжилтэй үзэгдэл АН-ын дотоодод өрнөж байна. Хөөгдсөн, хөөсөн хэн хэн нь эрх зүйн чадамжгүй гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь өрөвдөлтэй.
АН-ын даргын эрх мэдэл С.Эрдэнэд хадгалагдана гэж байгаа ч Дээд шүүхэд АН-ын даргын нэр хоосон байгаа.
Ил цагаан хэрэлддэгээ ардчилал хэмээн хаацайлдаг тус намынхан яг үнэндээ намын нэрийг л булаацалдаж байгаа болохоос хэзээ ч хоорондоо нэгдэж, хамтарч чадахгүй болсон нь ил.
С.Эрдэнийг Ц.Тувааны гараар могой бариулагчид 8 жилээр хөөх шийдвэр гаргасан. Харин С.Эрдэнэ Үндэсний бодлогын хороог хуралдуулж эрх мэдлийг хадгалж үлдэнэ хэмээн эрдэв. Өвгөцүүлээсээ ичсэн залуус нь эвлэрэхийг гуйгаад тусыг эс олно.
АН-ын мөхөл энэ цаг үе бололтой.
С.Эрдэнэ хэвлэлд “АН-ын гишүүдийн илэрхийлсэн байр суурь дундаас С.Одонтуяа гишүүнийх арай ондоо байлаа. Туршлагатай улстөрчийн хувьд тэрээр байр сууриа зөв илэрхийлсэн. Бусадтай нь би 100 хувь санал нийлээгүй. Ерөнхийлөгчтэй санал нийлээгүй” хэмээн ярилцлага өгч.
Х.Баттулгатай нэг талд гарч, хагарч бутарсан намаа эмхэтгэх бодол түүнд алга гэсэн үг.
Гэхдээ “АН-ын гишүүд Ерөнхийлөгчтэй ижил байр суурьтай, түүний хандлагаар дуугарсан нь бие даасан улстөрчид мөн үү биш үү гэх эргэлзээг минь тодруулж өглөө. Сөрөг хүчний лидерүүд, гол ачааг үүрч яваа улстөрчид маань ийм ойлгомжгүй байр суурь илэрхийлсэн нь АН-ын олон мянган гишүүдэд таалагдаагүй” гэснээс нь үзвэл тэр ганцаарджээ. Тэр АН-ын жирийн гишүүдээс тусламж хүсч.
Үнэндээ УИХ дахь АН-ын бүлэгт С.Одонтуяагаас өөр С.Эрдэнийн гэх тодотголтой нөхөр байхгүй.
Ц.Элбэгдоржоос хөтлөж яваагаар нь Б.Пүрэвдоржийг нэрлэж болох ч бүлгийн даргаас эхлээд түүний талд орох хүн үгүй. Тиймээс С.Эрдэнэ намын дарга байлаа ч УИХ дахь бүлэг нь түүнийг хүлээн зөвшөөрөхөөс өнгөрсөн.
Эрх зүйн чадамжтай гэх С.Эрдэнэ намын даргын сунгааг явуулж, Их хурлаа товлоод асуудлыг нэг талд гаргах боломжтой ч тэрбээр зөвхөн хугацаа хожиж, ээдрээтэй нөхцөл дээр сандайлсан хэвээр байгаа нь эрх баригчдын захиалгаар түрхэн зуурт ирсэн гэдгийг нь нотолж байгаа юм.
Өнөөдөр сөрөг хүчин гэх ойлголт хумхийн тоос болсон. УИХ дахь АН-ын бүлгээс үе үе мэдэгдэл хийх ч өнөөх нь хүүхэд нохойн доог болоод өнгөрнө.
Энэ нам иймэрхүү байдалтайгаар ирэх тавдугаар сартай золгоход хангалттай. С.Эрдэнийн зорилго тэр. Энэ үед Ерөнхийлөгчид нэр дэвшигч албан ёсоор тодорч, сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.
Хагарлаа хайрцаглаж чадаагүй АН нэр дэвшигчдийн сунгаан дээр муйхарлаж, улам бүр гэдсэндээ хөлөө жийлцэх биз.
Тамгатай, тамгагүй дарга нарын зодоон жирийн гишүүдийнхээ, цаашид тэдэнд итгэл үзүүлэх олон түмний итгэл үнэмшлийг гээсээр буй нь эрх баригчдын зууш болж байна.
МАН өрсөлдөгчгүйгээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад АН-ын эвлэрэхэд бэрх дотоод хагарал нь хамгийн том түлхэц болох нь үнэн юм.
Х.Баттулгын хувьд нам доторх хүрээллээ нэмж, албан ёсны байр сууриа хүчтэй илэрхийлэгч, далайцтай лидертэй болох хэрэгтэй байдаг. Харамсалтай нь Ц.Туваан, Ж.Баясгалан, Д.Пүрэвдаваа, бидон Д.Ганбат гэхчлэн дуугараад дууг нь хэн ч үл сонсох “дугуй”-нуудаас өөр юмгүй.
Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрийн талд ашигтайгаар тайлбарлах хуульчдын баг ч одоохондоо алга. МУ-ын Ерөнхийлөгч болчихоод намдаа “хаялга”-гүй тоглосныхоо горыг амсч л явна.
Өчигдөр гэхэд өргөн олонд биш “өөрийнхөө” төлөө ээлжит бус чуулган товлон хуралдуулах саналыг УИХ-ын даргад хүргүүллээ гээд намынхандаа нам шүүмжлүүлсэн дуулдав.