Үлгэр жишээ СӨХ-г шалгаруулна

2021-02-02
1 min read

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийг үлгэр жишээ хэрэгжүүлсэн Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-г шалгаруулах болзолт уралдааныг зарлалаа. Болзолт уралдаанд нийслэлийн есөн дүүргийн 1234 СӨХ оролцох боломжтой юм. Нийслэлийн зүгээс болзолт уралдаанд оролцож буй СӨХ-дод хамтын оролцоотойгоор коронавирусийн халдварыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх уриалгыг хүргүүлж байна. Тиймээс орон сууцны орц, хонгил, цахилгаан шат, зоорийн давхар, хаалганы бариул, техникийн өрөө зэрэгт тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, зориулалтын ариутгалын бодисын дэмжлэг үзүүлэхээр болжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэдийн хамтын оролцоот болзолт уралдааны шалгуур үзүүлэлтийг хангасан шилдэг 20 СӨХ-г шалгаруулна. Байр эзэлсэн холбоог тохижилт, бүтээн байгуулалтын дэмжлэг болон мөнгөн шагналаар урамшуулна.

Үүнд, насжилт өндөртэй хуучин орон сууцны байруудыг улс, нийслэлийн хөрөнгө оруулалтын судалгаанд хамруулж дээвэр, фасад, лифт засварлах, нийтийн эзэмшлийн болон тоглоомын талбайн тохижилт, ногоон байгууламжийг шинээр бий болгох, засварлахад нь дэмжлэг үзүүлэх аж. Мөн Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс СӨХ-дод халуун хэмжигч үнэ төлбөргүй ариутгал, халдваргүйжүүлэлт хийж өгөх юм. Болзолт уралдаан өнөөдрөөс /2021.02.01/ эхэлсэн бөгөөд нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Орчуулах »
error: Content is protected !!